Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН: Бид сонгуульд багаараа ялбал түгжрэлийг төвөггүй шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
26 минут 12 секунд
Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-д БЗД-ийн 5-р тойрогт нэр дэвшигч Доноровын Гантулга, Пүрэвсүрэнгийн Наранбаяр нартай сонгуулин сурталчилгаа, улс төрийн нөхцөл байдал, намын мөрийн хөтөлбөр, үзэл санааных нь талаар ярилцлаа.

Зүүн гар талаас Доноровын Гантулга, Пүрэвсүрэнгийн Наранбаяр. 


-БУСАД НАМУУД ХҮН-ЫН УЛС ТӨРИЙН СОЁЛЫГ ДАГАЖ ЭХЭЛСЭН- 

-Орон нутгийн сонгуулийн гараа тэгш байсангүй. ХҮН намынхан бусад нэр дэвшигчдээс 7 хоногийн хойно сурталчилгаагаа эхлүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа хэр өрнөж байна? Хэрхэн сурталчлав?

Д.Гантулга: Сурталчилгааны хугацаа 14 хоног байсан, тэн хагасаас буюу 7 хоног л сурталчилгаа хийх боломжийг бидэнд өглөө. Гэхдээ бид сурталчилгаа хийх хугацаа бага байсан гээд хойш суусангүй, урам хугарсангүй. Өөрсдийнхөө зорьж байгаа мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, бүгдээрээ гарлаа. Гудамжиндаа гарлаа. Иргэд маш сайхан хүлээж авч байна, биднийг хүлээж байсан нь мэдрэгдэж байна.

-Нэр дэвшигчид дэлгүүр хоршоод, зах, автобусны буудал, гудамжуудаар явж өөрөө сурталчилгааны материалаа, нэрийн хуудас тарааж; иргэдтэй гар барьж, мэндчилэх нь нийтлэг болжээ. Улстөрд авчирсан шинэ соёлын нэг юм болов уу гэж харж байна. Өмнө нь ийм үзэгдэл ховор байсан шүү дээ.

Д.Гантулга: Том намын, том нэр дэвшигчид иргэдтэй ерөөсөө нүүр тулдаггүй, тэднийг нэг бүрчлэн сонсох, тэдэнд өөрсдийгөө танилцуулахыг хүсдэггүй байсан юм. Дандаа л сүлжээгээрээ ажилладаг. Өнгөрсөн парламентын сонгуулиар бид гудамжинд гараад, иргэдтэйгээ уулзаад, материалаа тараахад, гэрээр нь өөрсдөө очихоор иргэд маш сайхан хүлээж авдаг юм байна. П.Наранбаяр бид хоёр өдөр болгон иргэдтэй уулзаад, гар бариад явж байна. Зарим хүн “гар нь даарчихсан байна шүү дээ, хөөрхий” гээд өрөвдөөд өнгөрч байгаа. Ингэж л ойрхон ажиллаж байна.

Ер нь иргэнийг төлөөлж, төрд сонгогдож байгаа хүмүүс буцаад тэр хүмүүстээ маш ойрхон байх ёстой. Бид чинь төлөөлөл нь болж очиж байгаа шүү дээ. Түүнээс биш дарга нь болж байгаа хэрэг биш байхгүй юу. Угаасаа сонгуулийн мөн чанар нь тэр болохоор байх ёстой сонгодог утга учирт нь ойртуулах гэж зорьж байгаа юм.

-Тэгэхээр тэр соёл зөв байгаа учраас зөвхөн танай намынхан ч биш бусад намын нэр дэвшигчид ч хэрэгжүүлж байна гэж харж байна л даа.

Д.Гантулга: Яг тэгдэг. Бид Монголын улс төрд хэд хэдэн шинэ соёлыг нэвтрүүлсэн гэж боддог. Нэгдүгээрт, анх удаа ХҮН дэргэдээ Бодлого судалгааны хүрээлэн бий болгосон. Түүнээс хойш АН, МАН бүгд л тийм судалгааны нэгжтэй боллоо. Намын бодлого дээр судлаачид, эрдэмтэд ажиллаад гаргаж ирэх ёстой болохоос улстөрч дураараа ярьдаг, “попордог” байгаад хөгжихгүй. Хоёрдугаарт, жагсаалыг 2-3 ч удаа хийлээ. Ингэхдээ жагсаал дуусаад хогоо цэвэрлээд явдаг соёлыг нэвтрүүлсэн. Одоо энэ орон нутгийн сонгуульд “Хүн академи” гэж байгуулаад, тэнд нэр дэвшихийг хүссэн залуучууд үзэл бодлоороо нэгдэж байгаа. Хороо, дүүрэг, нийслэлдээ болохгүй байгаа асуудлыг олж харсан, түүнийхээ төлөө өөрчлөхөөр нэр дэвшсэн залуучууд байна. Дараагийн сонгуулиас бусад нам үүнийг дагах байх. Энэ мэт олон талаараа Монголын улс төрд шинэ соёл авч ирж байгаа.

П.Наранбаяр: Тэгээд нэг л юм байгаа. Ер нь, бид нар улс төрийн шинэ соёл аваад иржээ. Нүсэр бус төсөр. Улстөрч гээд л тэргүүнд нь байдаг, дээд эгнээнд зогсдог, дээд ангийнхан гэх ойлголт биш; дэргэд байгаа хүмүүс гэдэг ойлголтыг хэзээний төрүүлжээ. Тэндээс л улс төр урган гардаг гэдгийг мэдрээд байх шиг байна. Улс төрчдийн хувьд дэмжсэн, итгэсэн тэдгээр иргэдийн санал гэдэг бол улс төрийн капитал. Хөрөнгө, нөөц шүү дээ. Үүгээрээ л хоорондоо өрсөлдье. Түүнээс биш өөр зүйлээр яваад, улс төрийн том, бага хор найруулаад хол явахаа больжээ. Үүнийг хоёр “том” нам маань ойлгоосой.


-ХҮН 30 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЫН НИЙГЭМД ДАХИН ИТГЭЛ НАЙДВАРЫН ГАЛЫГ АСААЖ БАЙНА-

-Та хоёрыг иргэд хэр их дэмжиж байна? Урам зориг төрүүлэхүйц дэмжлэгтэй таарав уу?

Д.Гантулга: Бид сонгуулийн сурталчилгааныхаа хувцсыг өмсөөд явж байгаа. Гэтэл өнөөдөр гэхэд таван ч тохиолдол гарлаа. Сурталчилгааны материал өгөх гээд дөхөөд ирэхээр “манай гэрт материалууд ирчихсэн” гэнгүүтээ, ХҮН-аас гэж сонсоод ямар нам гэнэ ээ, ХҮН уу гээд буцаж ирээд материал аваад явж байгаа юм. Ийм сонгогчтой зөвхөн өнөөдөр гэхэд л таван удаа таарлаа.

П.Наранбаяр: ХҮН магадгүй 30 жилийн дараа Монголын нийгэмд дахин итгэл найдварын галыг асааж байна. Өнөөдөр сонгогчидтой уулзахад итгэж, найдсан хандлага их байгаа юм. Д.Гантулгын ярьсанчлан бусад намын сурталчилгааг авахгүй мөртлөө манай намынхыг буцаж ирээд авч байгаа байдал. Эсвэл “Өө, Наранбаяр уу? Дэмжээд байхад яагаад гардаггүй юм бэ?” гэж урмын үг хэлж байна.

-ХҮН-ынхныг сонгуульд оролцуулах захирамжийг нь хүчингүй болгосон шүүгч өөрөө буруугаа хүлээж шийдвэрээ цуцалжээ. Зарим хүмүүс тэр шүүгчийг буруутгаж байхад, ХҮН сонгууль болгоноор л нэг асуудалд орчихдог шүү дээ гэж буруутгах хүмүүс ч байна.

П.Наранбаяр: Миний эхний хариулт бол ХҮН хүчтэй болж эхэлж байна гэсэн үг. Хүн нь байж байвал хэргийг нь тохно оо, нам нь байвал асуудлыг нь олно оо гэдэг болж. Ийм зүйл явж байгаа боловч ХҮН өмнөө тулгарсан бүх асуудлыг хуулийн хүрээнд, цэгцтэй бүрдүүлж өгч, бүх нотолгоогоор хангасан. Мөн бүх зүйл асуудалгүй, хуулийнхаа дагуу яваа шүү гэдгийг юугаар нотлох вэ гэхээр шат шатны сонгуулийн хороо. Тэд хэзээний хуулийн дагуу боломжтой гээд хүлээж авсан. Гэтэл шүүх хүчингүйд тооцоод, түр хугацаанд мөрдөхгүй байх захирамж гаргахад сонгуулийн байгууллага нь өөрөө шүүхэд хандаж байна. Юу гэхээр “Бид бүх юмыг нь хуулийн хүрээнд шалгаж, хүлээж авсан, хууль ёсоороо байсан шүү, тиймээс шүүгчээ захирамжаа дахин эргэж хараач” гэсэн шүү дээ. Энэ л тодорхой нотолгоо.

Солонгосын олон ангитай жүжиг шиг юм руу оруулах гэдэг оролдлого 2015 онд амжилттай болсон байх, 2016 онд амжилттай болсон. 2020 онд уучлаарай. Одоо ямар ч боломж байхгүй. Үүнийг зохион байгуулсан нэр бүхий хэдхэн этгээдэд зориулж хэлж байна. Одоо энэ арга хуучирсан, хэн ч тоохоо больсон. Дээр нь ХҮН бол хөрөөний ир, зарааны шүд мэт дөрвөлжилж жагссан эв бат, хариуцлагатай интитуц болж хувирсан.

Харин намын хуурамч тамга, тэмдэг ашиглаж явсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан. Тэнд очоод энэ асуудал мухарлах ёстой. Ингэснээрээ бид шинээр гарч ирэх улс төрийн нам, хүчнүүдэд зам засаад өгч байгаа гэж өөрсдийгөө ойлгодог.

Д.Гантулга: ХҮН дээр болсон энэ ажил бол шулуухан хэлэхэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх зөрчил, түүнтэй холбоотой үйл ажиллагаа боллоо. Бид бүхэн яаж давсан гэхээр дэмжигчдийнхээ хүчээр давсан. УБ хотод, нийгмийн сүлжээгээр энэ муухай ажиллагааг эсэргүүцэж, биднийг дэмжихийг уриалсан. Тэд ч дэмжсэн. Хоёр хоногт 10 мянган хүний гарын үсэг цугларсан. Хэрвээ шүүгч захирамжаа цуцлахгүй үргэлжилсэн бол энэ нь цааш 30, 40 мянга хүрч болох байсан. Дөрөв дэх өдөр нь Сүхбаатарын талбай дээр жагсаалаа хийх эрхээ авчихсан байсан л даа. Энэ бол агуу том хүч байдаг юм байна гэдгийг бид мэдэрсэн.

Энэ хэргийн дараа бид өөрсдөдөө итгэл үнэмшилтэй болж үлдсэн. Иргэд бидний талд байна, биднийг дэмжиж байна гэж итгэсэн. Иргэд биднийг дэмжээд ирэхээр гэмт хэрэг зохион байгуулагчид чинь айдаг, больдог юм байна шүү дээ. Ийм л юм боллоо.

-БИД БАГААРАА СОНГУУЛЬД ЯЛБАЛ ТҮГЖРЭЛИЙГ ТӨВӨГГҮЙ АРИЛГАНА-

-Монголд зөндөө олон нам байгуулагдсан ч гуравдагч хүчин болж гарч ирж чадаагүй өдий хүрлээ. Тэгвэл танай нам яаж ийм өндөрлөгт хүрэв ээ?

Д.Гантулга: Бид онцлогтой нам л даа. 1990 онд монголчууд ардчилсан нийгэмд шилжсэн. Одоо ардчиллынхаа хоёрдугаар шатанд гарах, хөгжлийнхөө цаг хугацаан дээр ирчихээд байна. Хөдөлмөрийн үндэсний нам бол хэн нэг даргыг дагаагүй, аль нэг намаас гараагүй, дотоод зөрчлөөс салан тусгаарлаагүй. Ерөөсөө л дангаараа бий болж, дангаараа бүрэлдэж байгуулагдсан нам. Өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж боссон юм. Мөн гадаад, дотоодод боловсрол эзэмшиж, дэлхийд үнэлэгдсэн мэргэжилтэн болж, ажил мэргэжлээрээ туршлагажсан хүмүүс, залуучууд голдуу нам учраас тууштай бөгөөд урт хугацаанд ажиллана.

Ил тод байгаа Шударга иргэдийн нэгдсэн эвслийг (ШИНЭ) л харъя. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан гэдэг хоёр хүн АН-тайгаа муудалцлаа. АН-аас сонгогдсон гишүүн байхдаа ШИНЭ намаа байгуулж, босгосон шүү дээ. Гэтэл одоо гарч ирээгүй л байна. Тэгэхээр намыг богино хугацаанд, улс төрийн тоглолт хийж байгуулдаггүй юм. Бид гэхээр нам байгуулахаас өмнө үзэл баримтлалаа 100 гаруй мэргэжилтэн сууж, нэгтгэж гаргаад, Улсын Дээд шүүхэд “Монгол зорилго 2050” гэж мөрийн хөтөлбөр болгож бүртгүүлсэн. Ийм нам байхгүй. Энэ үйл ажиллагаагаараа бид бахархдаг.

Өнгөрсөн жил МАН-ын эрх барьж буй Засгийн газар “Алсын хараа 2050” гэж бодлогын баримт бичиг гаргалаа. Гэтэл бид түүнээс ч хэдэн жилийн өмнө түүнийг боловсруулаад Улсын Дээд шүүхэд өгчихсөн байсан гэх мэтээр өөр л дөө. Яг ийм онцлогтой учраас цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүст мэдрэгдэнэ. Ялангуяа залуучууд биднийг маш сайн мэднэ. Танина.

П.Наранбаяр: Бид нар ардчилал гэж гүйсээр яваад хүнээ дээдлэх ёстойгоо мартчихсан. Эрх чөлөө гэж ярьсаар яваад бас л хүнээ орхичихсон. Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм төлөвшүүлнэ гэж Үндсэн хууль дээр заачихаад бид өөрсдөө мартчихсан. Өнөөдөр АН өөрийнхөө ардчиллын үнэт зүйлээ гээчихлээ гэдэг нь орон нутгийн сонгууль дээр харагдаж байна. УИХ-ын сонгуулиар ч бас 100 сая төгрөгийн нэр дэвших эрхийн босго тавьж, үүнийгээ бүрэн гээсэн. Түүнээс хойш үйл явдал яаж өрнөж байгааг бид харлаа. Тэгэхээр ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, монголчуудын бий болгосон хамгийн чухал үнэт зүйл. Хувь хүнийг, нэр төр, эд хөрөнгийг нь хамгаалдаг, өөрөө өөрийгөө авч явах хүчийг нь өгдөг зүйл бол ардчилал юм. Дарангуйллын нийгэм ерөөсөө ч биш. Энэ чиглэл рүү бий болгоход улс төрийн томоохон хүчин хэрэгтэй нь ХҮН гэж харж байна. Хүн  дээд үзэл, монгол хүний төлөө тэмцдэг, ардчиллын үнэт зүйлийг шингээсэн улс төрийн чиг байх ёстой, тэр нь ХҮН гэж харсан л даа.

-УЛААНБААТАР ХОТОД БИД АЗ ЖАРГАЛЫГ ЯРИХ БОЛООГҮЙ-

-ХҮН нам орон нутгийн сонгуульд Аюулгүй хотын төлөө уриатай оролцож байна. Яагаад ийм уриа сонгосон юм бэ?

Д.Гантулга: Би өөр дээрээ л жишээлээд ярья. Би хүүхдүүдээ байрны гадаа гаргаад бие даалгаад тоглуулж чаддаггүй. Санаа зовдог. 12 настай хүүхдээ сургуульд явуулчихаад очиход нь нэг, ирэхэд нь нэг утасдана. Яагаад гэвэл зам тээврийн осол ямар байна, утааны хор хөнөөл ямар билээ. Ер нь, УБ хотод бид аз жаргалыг ярих болоогүй байна. Хамгийн наад зах нь бид аюулгүй байх ёстой юм. Тэгэхээр сонгууль болохоор л гоё холбоо үгээр, эсвэл тэнгэрийн юм ярьж явдагаа зогсооё оо. Бодитой байя гэдэг үүднээс “Аюулгүй хотын төлөө” гэдэг уриа дэвшүүлсэн юм.  

-ХҮН орон нутгийн сонгуульд олуулаа, багаараа сонгогдлоо гэхэд Улаанбаатар хотын төлөө хамгийн түрүүнд хийх ажил юу байх вэ?

Д.Гантулга: Бид олонх болж чадвал өмнө зарласныхаа дагуу П.Наранбаярыгаа хотын засаг дарга болгоно. Наранбаярын удирдсан баг хамгийн түрүүнд түгжрэлийн асуудлыг барьж авна. ХҮН багаараа ялбал түгжрэлийг төвөггүй арилгана. Улаанбаатарт олон асуудал байгаа ч гэсэн түгжрэлийг шийдэхэд бусад нь цэгцрээд ирнэ. Түгжрэлийн асуудлын цаана нийгэм, эдийн засгийн хор хөнөөл асар их. Жишээ нь, гурван ажил амжуулах гэж гараад түгжирсээр яваад нэгийг нь л хийж чадлаа гэдэг бол эдийн засгийн дэвшлийг гурав дахин сааруулж, удаашруулж байгаа хэрэг. Барууны орнууд энэ түгжрэлээс үүсгэж байгаа хор хохирлыг мөнгөөр, доллараар хэмжээд тооцчихсон байдаг л даа. Бид түгжрэлийг төвөггүй буулгана. Тооцоо нь байна, судалгаа нь байна, арга шийдэл нь ч бий.

П.Наранбаяр: Түгжрэлийн дараа хороонд төвлөрч ажиллана. Засаг захиргааны хувьд хамгийн бага нэгж нь иргэнтэйгээ ойрхон. Уг нь, зарчмын хувьд иргэн эхлээд СӨХ-той, дараа нь хороонд, тэгээд дүүрэг рүү, улмаар нийслэлд, цаашилбал яам руу, УИХ руу гэх маягаар шатлалтай харьцдаг. Мөн ч олон зам байна аа. Тэгэхээр хороотойгоо харьцах нь янз бүрийн шалтгаантай. Нэг хорооноос 250 гаруй төрлийн тодорхойлолт өгдөг юм билээ. Энэ хороод өөрөө иргэдийн нийтийн хурлаа зарлаж чадахгүй, зарлалаа гээд хэлбэр хөөсөн халтуурны болоод, улмаар мөнгө идэх боломж гардаг. Хорооны засаг дарга нь хэн байдгийг ч мэддэггүй ийм байдлуудыг бид засна.

ХҮН иргэддээ зориулж нэгдсэн аппликэйшн гаргана. Түүгээрээ дамжуулж хорооны үйлчилгээ авдаг, хорооны мэдээллээ хардаг, үйл ажиллагааг нь хянадаг, шахдаг болъё. Өнөөдөр хотод ухаалаг гар утасгүй иргэн, ядаж айл өрх байхгүй боллоо шүү дээ. Үүнийг ашиглаад төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг ил тод болгоё. Тэгснээр авлигажих боломж огт байхгүй болно.

Д.Гантулга: Бид бүхэн мэдээллийн технологийг ашиглах ёстой. Энэ бол манай ХҮН-ын УИХ-ын мөрийн хөтөлбөрт ч байсан, цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд ч байх болно. Мэдээллийн технологийг хөгжүүлэх гэдэг бол зайлшгүй. Такси үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ гээд бүх мэдээллийн технологийг магадгүй дэлхий дахинаас урьтаж ашиглахыг төр нь зорих ёстой. Ингээд ирэхээр энэ бүх төрийн үйлчилгээ, хүнд суртал, биднийг гүйлгээд байгаа зүйлс бүгд алга болчихно.Жишээ нь, сая орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж долоон өөр газраас тодорхойлолт авлаа л даа. Цагдаа, шүүх, орон нутаг, хороо гээд л... Уг нь, төрд өөрт нь хэзээний байгаа мэдээлэл байхгүй юу. Хамгийн наад зах нь нэр дэвшихдээ зөвхөн регистрийн дугаараа өгөөд л болчихдог, эсвэл төрийн үйлчилгээ авахад зөвхөн регистрийн дугаараа өгөхөд л болчихдог баймаар байна. Төр өөрт байгаа мэдээллийг дотооддоо дамжуулаад авчих хэрэгтэй. Энэ мэтээр төрийн хүнд суртлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар буулгана, алга болгоно.

-БИД 4 ЖИЛИЙН ДАРАА ЮУГАА ХЭЛЖ, ХУЙХАА МААЖИХ ВЭ ГЭДГЭЭ ОЙЛГОЖ БАЙГАА ХҮМҮҮС-

-ХҮН НИТХ-ын сонгуульд яллаа гэхэд амнөх хотын удирдлагуудаас ялгаатай ажиллаж чадах уу?

П.Наранбаяр: Бид үндсэн зарчмаараа өмнөх төр барьсан, нийслэлийг удирдсан хүмүүсээс ялгаатай. Юу вэ гэхээр нүсэр бус төсөр гэдэг зарчмаар ажиллана. Иргэнээсээ хол биш ойр ажиллана гэдэг зарчим баримтална. Иргэдийнхээ дуу хоолой болж, 4 жилийн дараа юугаа хэлж, хуйхаа маажих вэ гэдгээ ойлгож байгаа хүмүүс. Энэ талаараа бид шал өөр ажиллаж чадна аа. Өрнө, дорнын хөгжсөн орнуудад амьдарч, боловсрол эзэмшсэн хүмүүс. Тэнд улстөрчид нь юу хийдэг, яаж хариуцлага хүлээдгийг харсан. Тэгэхээр энэ соёл Монголд дутаад байна. Гараад ирсэн л бол юу ч хамаагүй хийнэ ээ гэдэг тэр зарчмаар 30 жил явлаа, бүгдээрээ л зовлоо шүү дээ. Энэ зовлонгоос ангижирцгаая л гэж байгаа юм. 

Д.Гантулга: Ер нь, нүсэр бус төсөр гэдэг юмыг ХҮН-ынхан цоо шинээр гаргах гээд байгаа хэрэг биш л дээ. Байгаа нь л энэ юм. Амьдралын хэв маяг, үзэл бодол нь өөрөө нүсэр бус төсөр гэдэг зарчимтай хүмүүс энэ ХҮН-д байгаа шүү. Төлөөлөгч болоод сонгогдох юм бол тэр соёлоо төрийн албанд аваачна гэж бодож байна.

-ИРГЭДИЙГ ИТХ ЯМАР ЧУХАЛ ГЭДГИЙГ МАРТТАЛ НЬ МУУ АЖИЛЛАЖЭЭ-

-Одоо орон нутгийн сонгуулийн талаарх сонгогчдын ойлголт, мэдлэгтэй холбоотой асуудлаар ярилцъя. Та бүхнийг сурталчилгаа хийгээд явж байхад сонгогчид, иргэд сонгуульд хэр ач холбогдол өгч байгаа бол?

Д.Гантулга: Ер нь, өмнөх орон нутгийн сонгуулийг харахад ирц маш бага байдаг, хүрэхгүй учраас дахин сонгууль явуулахдаа ирцийн доод хязгаар гэж тогтоодоггүй байсан л даа. Одоо бол ирцийн доод хязгаарыг аваад хаячихсан, энэ удаа хэдэн хүн оролцсон, түүнээсээ олон санал авсан нь сонгогдох болно. Тэгэхээр иргэд маань аливаа сонгуульд идэвхтэй оролцож байгаасай гэсэн чин хүсэл бий. Ингэж ажиллахгүй бол том намууд чинь өнөөх л улиг болсон “хайрцаглана” гэдэг аргаараа мөнгөө тараах, зөөж, жагсааж аваачаад л санал өгүүлдэг. Ийм байгаа ч гэсэн ёлтойж байгаа гэрэл бол залуучуудын дунд сонгуулийг арай өөрөөр харж эхэлж байгаа хандлага. Гудамжинд сурталчилгаа хийж яваад сонгуульдаа оролцоорой гээд хэлэхээр “Оролцоно оо, оролцоно оо” гэж хариулдаг болж. Урьд нь, залуучууд оролцдоггүй байсан бол энэ удаа арай дээр болох байх гэж харж байна.

-Өмнөх сонгуулиудын ирц бага байсны суурь шалтгаан нь юу байна вэ? Иргэд, сонгогчид орон нутгийн сонгуульд, нутгийн удирдлагад тийм ч их ач холбогдол өгдөггүйтэй холбоотой юм уу гэж харж байна.

П.Наранбаяр: Ирцийн хувьд өнөөдрийг хүртэл сонголтгүй сонгууль байсан. Тэгээд бид сонголттой болгохын төлөө явж байна. Ирцийг ийм, тийм байна гэж бид ярих бус сонгуулийн хороо өөрсдөө ярьж байх ёстой. Магадгүй төсөв нь байхгүй биз. Хоёрдугаарт, сонголтгүй сонгууль гэдэг дээр МАН, АН л дэвшиж байдаг шүү дээ. Тиймээс одоо залуучууд минь ээ дээлээ өмсөөд оч. Тэгээд л болно. Сонгуулийн өдөр чинь 20 цаг хүртэл санал авна, амралтын өдөр байгаа. Чамаас өөр юу ч гарахгүй. Өгөгдсөн мандатын тоогоор нь саналаа бөглөхөд л болно.

П.Наранбаяр: Яг тийм. Өнөөдрийг хүртэл хөндий улс төр хийж, гарсан хүмүүс нь журмаараа ажиллаагүйгээс болж иргэд ИТХ-ын сонгууль ийм чухал гэдгийг мартжээ, царцжээ. Төлөөлөгчид тэдний асуудлыг нь шийдэж өгдөг гэсэн ойлголт оюун санаанд нь сугаагүй байна, тэгж ажиллаж чадаагүй байна. МАН, АН ялзарсан, өмхийрсөн тогтолцоо руугаа бүх юмаа татсаар байгаад энэ төр чинь өмхөрч унаж байна шүү дээ. АН 100 сая төгрөг намдаа хандив өргөсөн хүнийг л УИХ-д нэр дэвшүүлнэ гэж зарласнаас болж л уналаа шүү дээ. Маш хүчтэй уналт. МАН тийм сайн засагласан юм уу гэвэл үгүй.

-ЗАЛУУЧУУДАА, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮСЭЖ БУЙ СОНГОГЧДОО “ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД САНАЛАА ӨГ”-

-Сонгогчиддоо хандан юу гэж хэлмээр байна?

Д.Гантулга: Бид заавал очиж ХҮН-ыг дугуйлаарай гээд байгаа юм биш шүү. Танай гэрт ирсэн сурталчилгааны материалыг үзэж байгаад сонго. 1990 онд би дунд сургуулийн сурагч байсан ч ардчилсан нийгэмд шилжих нь зөв гэдгийг би мэдэрч байсан юм. Яг түүн шиг залуу хүн та өөрөө ямар ч байсан очиж сонгуульд оролцоорой гэж хичээнгүйлэн, хичээнгүйлэн хүсч байна.

П.Наранбаяр: Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН 62 суудал авчихлаа. Өөрөөр хэлбэл, ийм их дэмжлэг авчихсан байна. Яг энэ янзаараа орон нутгийн, дүүргийн сонгуульдаа хамтдаа, хүчээ нэгтгэе гээд яваад байна шүү дээ. Ингэж хандах юм бол энэ улс орон чинь хяналтгүй боллоо. УИХ дээр үнэмлэхүй олонх, нийслэл дээр, дүүрэгтээ бас олонх байх юм уу? 1990 оноос өмнө байсан нэг намын тогтолцоо гэдэг шиг ямар ч хяналтгүй болох аюул бидний өмнө байгаа шүү. Тэгэхээр иргэд маань, сонгогчид маань, үүнийг уншиж байгаа хүн бүр нэгийг бодоорой. Бидэнд ямар ч байгууллага, албан тушаалд хяналт зайлшгүй хэрэгтэй. Энэ үүргийг бид бүхэн маш сайн гүйцэтгэж чадна.

П.Наранбаяр: Улс төрийн цоо шинэ салхи салхилж эхэллээ. ХҮН үүний үзүүрт байж байна. Залуучуудын, сонгогчдын шударга ёсыг хүссэн тэр хүслийн итгэл найдварыг бид хэзээ ч алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл тийм зөв хүмүүсээ бид олж, дэвшүүлж чадсан байгаа шүү.

 

 

 

Билл Гейтс: Өндөр үр дүнтэй вакцины хүчинд л хүмүүс хэвийн амьдралдаа орно
Билл Гейтс: Өндөр үр дүнтэй вакцины хүчинд л хүмүүс хэвийн амьдралдаа орно
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.