УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс анхаардаг болох вэ. Жишээлбэл архи, тамхины хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлийг өндөр зардлаар ЭМД-ын сангаас эмчлээд байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулсан.
Тэрбээр уг асуултад “ЭМД-аас 98 хувь, иргэний халааснаас гарч байгаа нь 2 хувь байна. Энэ бол дэлхийн аль ч улс оронд байдаггүй тогтолцоо. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ өвдөөд бай, эмнэлэг эмчлээд байна гэсэн бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн энэ их өвчлөлд хүргээд байна. ЭМД-ын сангаас иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдгээрээ үзүүлээд явна.
Харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв. Тиймээс ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж, даатгалын сангын орлого, зарлагыг тодорхой болгож, уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ЭМБ-ын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж, иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна" гэх хариултыг өгчээ.