Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Женко” сонгууль болохоос өмнө ЯЛЧИХСАН байсан...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 35 секунд

Манай хөөрхийлөлтэй ардчилал өнгөрсөн онд дөрвөн байраар ухарч, ардчиллын индексээрээ 81 дүгээрт бичигдсэн. Төв азийн цээжинд ганцаараа үлдсэн ардчиллын баянбүрдыг булах ажил шийдэмгий үргэлжилж, Ардчилсан намыг дахин зөрчил рүү түлхэж байна.

Товчхондоо бол сая болсон орон нутгийн сонгууль дахиад л АН-ыг дотор нь хямраалаа. Сонгууль дууссан даруйд АН-ын хэрүүл эхлэв. Гэхдээ сонгуулийн өмнө л ийм юм болохыг “Женко” Х.Баттулга ч мэдэж байсан. Лу.Гантөмөр ч тааж суусан.

Өөрөөр хэлбэл, дүн нь ойлгомжтой сонгуульд “Женко” Х.Баттулга гэнэт гарч ирж, оройлон оролцсон нь маш олон талын шалтаг, шалтгаанаар тэр ялах байсантай л холбоотой. Тиймээс тэр боломжоо урьдчилж харж, түрүүлж нүүсэн юм.

НЭГ, Х.Баттулга сонгуульд ялсан бол намаа авна

Мэдээж орон нутгийн сонгуульд ялбал Х.Баттулга том агуулгаараа хожих байв. Нийслэлийн Засаг даргын албан тушаал, хот гэдэг бол улс төрийн асар их бяр дагуулдаг шидэт сэнтий. Энэ бяр, эрх ашгаа удахгүй эхлэх гэж буй том төслүүд дээр ашиглах байсан. Төсвийг нь зарцуулж, хүсвэл үрэн таран хийнэ. Үгүй бол гацаах боломжтой болно гэсэн үг л дээ. Энэ эрх ашгаас гадна Х.Баттулга саяын орон нутгийн сонгуульд нийслэл, орон нутагт маш том ач холбогдол өгсөн цаад шалтгаан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. 1.7 сая иргэнтэй, сонгогчдын тал нь байгаа хотод хөлөө тогтооно гэдэг бол дараагийн сонгуулиудад газрын давуу байдалтай оролцох боломжтой өндөрлөг байршил юм.

Тиймээс л тэр хүүхдүүдийг ашиглаад ч хамаагүй, популизм хийгээд ч хамаагүй алдар суугаа мандуулна гэж үзсэн.

ХОЁР, Нийслэлд баг нь ялагдсан. Гэхдээ нам дээрээ Х.Баттулга ялсан

Ер нь нийслэлд нам нь ялагдсан ч Х.Баттулгад энэ нь хожил болж хувирна гэдгээ эрт тооцоолсон байв. Ялагдана гэдгээ ч мэдэж байсан. Нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь харахад л түүний дуртай ЯЛАЛТ гэдэг үгний Я үсэг ч цухуйхгүй нь ойлгомжтой байлаа. Тэгвэл Х.Баттулга яагаад ялахгүй сонгуульд сайн дураараа “ачаа үүрч” үзүүлэв гэдгийг бодох учиртай. Өөрөөр хэлбэл, дээгүүрээ МАН-тай хөнжил, гудсандаа шургачихсан АН-ын удирдлагууд орон нутгийн сонгуульд дуугарч чадахгүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байв. Тиймээс намынхаа өмнөөс аймаар эрх мэдэлтэй, мөнгөтэй МАНГАСУУДТАЙ нийслэлд худлаагаасаа байлдаж үзүүлсэн хэрэг. Энэ нь түүнд хожил авч ирнэ гэдэг холыг хэдийнээ харчихсан гэсэн үг.

Энэ нь ч ном ёсоороо болж АН-ын дарга Лу.Гантөмөр орон нутгийн сонгуулиар “хөнжлөөсөө” цухуйсангүй. МАН-ыг цөм цохиж үзүүлдэггүй юм аа гэхэд намынхнаа цөм дэмжиж харуулсангүй. Яг л Ардын намын сайд шиг нүдэн балай, чих нь дүлий гүлдийж өнгөрөв. Бүр сонгууль дуусч, нам нь бужигнаж байхад Ардын намын даргыг дагаад айлчлалд явж одох нь тэр. Ингээд нийт гишүүдийнхээ өмнө Лу.Гантөмөр дарга нь хуншгүй, зориггүй, хайргүй гэж дүгнэгдэж, Х.Баттулга нь дийлдэшгүй МАНГАСТАЙ ганцаархнаа улаан гараараа тэмцсэн хоншоортой баатар, эрийн хуйхын дүрийг бүтээж амжлаа.

Ийнхүү Х.Баттулгын баг нийслэлийн сонгуульд ялагдсан ч нам дотроо ялалт байгуулж байгаа нь тэр.

ГУРАВ, АН доторх намын даргын “зодоон” дахиад өргөжиж, шанд нь Женко хожно

Одооноос эхлээд өнгөрсөн гурван жил өрнөсөн даргын суудал, тамга тэмдгийн төлөөх хэрүүл тэмцэл дахиад үргэлжилнэ. Сонгуулийн дараа нийслэлийн намаа Ч.Лодойсамбуу гишүүнд өгөх гэж байна гэдэг шумыг аль нэг тал нь санаа зорилготой тавьсан. Бараг Х.Баттулга талынхан тавьсан гэж хардахаар байгаа юм. Үүнийхээ хариу болгож өчигдөр Нийслэлийн намын дарга Т.Батцогт болон нийслэл дээр байгаа “Женкогийн залуус” мэдэгдэл хийж Лу.Гантөмөртэй хамт огцрох санал гарав.

Т.Батцогт ч "Намайг унагавал намын дарга Лу.Гантөмөрийг ч татаж унана" гэдгээ нээлттэй илчилсэн. Сонгуулийн өмнө нийслэлийн намын даргаа солих яриа АН дотор сэм гарсан ч Женко үүнийг зөвшөөрөөгүй. Х.Баттулгад ийм байдалтай ороод ялагдвал илүү ашигтай учраас хөдлөөгүй байх. Нийслэлд ялагдах нь УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан засагт орж Л.Оюун-Эрдэнийн хамгаалалтад орсон Лу.Гантөмөрийг буланд шахаж, тамгыг нь ганц сайхан ганхуулах алтан боломж юм.

Өөрөөр хэлбэл, тэр дахиад л яллаа. Төмөр зам дээр Монголоо ялсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, ямар ч хамаагүй үнэ цэнээр өргөн царигтай төмөр зам барих мөрөөдөлдөө ялсан. Одоо нам дотроо дахиад л ялах гэж байна. Лу.Гантөмөрт одоо нэг бол Т.Батцогттой хамт огцрох, үгүй бол нийслэлийн намыг Женкод мөрөөр нь үлдээх гэсэн хоёр муу сонголт л үлдлээ.

Хэрвээ нам доторх гомдогсод нь Х.Баттулгын залуустай зэрэгцэн босвол түүний суудал жинхэнээсээ хэцүүхэн байдал орно. 180 мянган гишүүнтэй АН-аас өнөөдөр ердөө 8 хүн л сайдын суудалд суусан. Цаана нь цэвэр 179, 992 гишүүн нь хоосон хэвтэж байгаа. Хамгийн гачлантай нь УИХ-ын гишүүн болсон хэд нь ч гэсэн өөрсдийгөө хоосон үлдэгсэд гэж дотроо бат итгэж яваа шүү дээ.

Г.Лхагвадорж

ШУУД: МУГТ Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа хийж байна
ШУУД: МУГТ Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа хийж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.