Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа аравдугаар сарын 9-ний өдөр Флорида мужийн Плант хотод хийхээр төлөвлөж байв. Тэгвэл тулаан болох хотод цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй учраас тулаан долоо хоногоор хойшилж, энэ сарын 16-нд тулалдахаар болсон юм. Энэ нь Монголын цагаар өнөөдөр /2024.10.17/ гэсэн үг. Тулаан яг одоо үргэлжилж байна.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан. Харин энэ удаа хүч үзэх Пуэрто Рикогийн өөр нэгэн боксчин Фрэнси Фортунатотой тулалдах юм. Түүний өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлджээ. 2021 оны гуравдугаар сард Аргентиний Алберто Мелианы эсрэг хийсэн тулаанд шүүгчийн шийдвэрээр ялагдсан байдаг. Тэрбээр сүүлийн хоёр жилд ердөө хоёрхон тулаан хийсэн байх юм. Ингэхдээ 2022 онд 16-0 амжилттай явсан Бернард Торресийг, өнгөрсөн жил 13-2 амжилттай Кейни Монтенегрог тус, тус ялжээ.
Тэгвэл Э.Цэндбаатар гавьяат олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаас хойш дөрвөн сарын дараа дахин рингэнд гарах гэж байгаа нь энэ юм.