Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын “цэвэрлэгээ“ Б.Гантулгаар үргэлжлэх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оноос хойш багтаа “цэвэрлэгээ” хийнэ гэж ярих болсон. Өөрөө ч авлигатай тэмцэхэд намын харъяалал, найз нөхдийн холбоо хамаагүй л гэдэг. Тэр утгаараа ч төрийн санг цөлмөж, нүүрс хулгайлсан нөхдөө өмөөрч хамгаалахгүйгээр шалгуулахыг ч шаарддаг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, өөрийнхөө багт цэвэрлэгээ хийх цаг болжээ.

Тодруулбал, Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэрбээр лайв хийж болсон явдлын талаар хэлэхдээ "Н.Урин гэрийн түлхүүргүй, согтуу байж гэртээ харина гэж дайрсан. Н.Урин шиг жаахан эмэгтэй ганцаараа явж байгаад бусдад хүчиндүүлчих вий, ямар нэгэн юм болох вий гэж 1-2 цаг хэрэлдээд аргагүй эрхэнд алгадсан" гэх утгагүй зүйл амнаасаа унагасан нь ёстой л дарин дээр нь давс нэмэв гэгч нь болов.

Тэгвэл уг хэрэг намжаагүй байхад өнгөрсөн долоодугаар сард Б.Гантулга болон түүний 5-6 найзуудад зодуулсан 19 настай залуу болсон явдлын талаар шүгэл үлээжээ. Хохирогч залуугын ярианаас Б.Гантулга нь архи уухаараа онгироо, сагсуу, би мөнгөтэй, баян гэж цээжээ дэлдэж, таарсан хүнээ эр эмгүй л балбаад явдаг гэж дүгнэж болохоор. Угтаа төрийн алба данхайж, чанаргүйжсээр байгааг Б.Гантулгын жишээ нотлоод өглөө.

Монголын төр “Төр” шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байх учиртай. Тиймдээ ч “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэх үг хүртэл бий.

Ерөнхий сайд 2025 оныг Залуучуудын жил болгон зарласан. Гэтэл өөрийнхөө ч учрыг олоогүй, өрөөл бусдыг хүчирхийлдэг Б.Гантулга Ерөнхий сайдад юу зөвлөх вэ. Ерөнхийдөө өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй гэх.

Тухайлбал, УИХ-ын гишүүн нь согтуугаар жолоо барих, хүчингийн асуудалд холбогдож, ЖДҮ-ээс олноороо зээл авсан зэрэг асуудал өнөөдөр ч хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.

Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан" гэдгийг онцолж байсан удаатай.

Тодруулбал, тэрбээр “Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.

Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай.

Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй. Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал.

Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.

Дээд шүүх Н.Номтойбаярыг Ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ
Дээд шүүх Н.Номтойбаярыг Ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.