ХҮН нам Нийслэлийн сонгуульд Хотын хөгжлийн ЭКСПЕРТҮҮД, АРХИТЕКТОРУУД, ХОТЫН ДИЗАЙН-ТӨЛӨВЛӨЛТийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багаа илгээв. Энэ удаагийн Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ХҮН нам хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүллээ. ХҮН нам энэ удаагийн сонгуульд Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн мэргэжилтнүүд, архитекторууд, хотын дизайн-төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багаа нэр дэвшүүлж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хурдацтай өсөлт хөгжлийн томоохон сорилт бас боломжуудын нэг болж буйг Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа онцолж байна. Хот бол эдийн засгийн боломжийн асар том нөөц боломж төдийгүй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн хөшүүрэг. Гагцхүү хурдацтай өсөлт, тэлэлтийг чадварлаг баг, мэргэжлийн удирдлагууд оновчтой олж харж цаг алдалгүй удирдаж чадаагүйгээс бидний өдөр тутмын амьдрал байнгын саад бэрхшээлтэй тулсаар байна. Сүүлийн ганцхан жилийн хугацаанд нийслэлийн төсвийн зарцуулалт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн боловч иргэдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт гарахгүй, бас өөрчлөгдөх итгэл хүлээлт байхгүй болжээ.
Хот байгуулалтын оновчтой бодлогогүй, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн иргэдийн эдийн засгийн боломж хумигдаж, оршин суугчдын эрүүл мэнд, тав тух алдагдсаар байгааг богино хугацаанд оновчтой стратеги, төлөвлөлтөөр засан залруулах боломжтойг ХҮН нам мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ.
Энэ удаагийн Нийслэлийн удирдлагын багаа сонгох сонгууль нь Улаанбаатар хотноо амьдардаг хүн бүхэнд нэн чухал ач холбогдолтой бөгөөд ХҮН нам сонгогчдодоо мэргэжлийн, АНХНЫ ЭМЭГТЭЙ ХОТЫН ДАРГАТАЙ болох боломж, сонголтыг бий болгож байна.
ХҮН намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр танилцуулж байна.