УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сард болж шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан байдаг.
Харин шүүхийн шийдвэрийг тэд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар давж заалдах шатны шүүх хурлыг наймдугаар сарын 22-ны өдөр товлосон юм. Энэ дагуу шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явагдахаар болжээ. Учир нь шүүгдэгч нар байгууллагын нууцтай холбоотой асуудал ярих тул шүүх хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргасан аж.
Өнөөдөр болох шүүх хурлын явц болон шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.