Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Зардлаа хэт тэлж буй төсвийн тодотгол эдийн засаг сайжрах хүлээлтийг үгүй хийнэ гэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 4 секунд

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР-аас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх, бэлтгэл ажил, ТЭЗҮ зураг төсвийн санхүүжилтийг шийдвэрлэх зорилтоор энэ удаагийн төсвийн тодотголыг хийж буй талаараа ЗГ мэдэгдсэн. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг одоогоор байнгын хороод дээр үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн зүгээс олон талын байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл төсөвт тодотгол оруулах асуудалд эдийн засагчид ямар байр сууринаас хандаж байгааг хүргэе.

-Төсвийн зардлыг эдийн засгийн агуулгаар бус улс төрийн популист амлалтаар тэлж байгаа нь аймшигтай дүр зураг-

Эдийн засагч Д.Амгалан "Төсвийн тодотгол гэдэг бол манайх шиг зардлаа тэлэхийн тулд хийдэггүй орлого тасарсан үед тодотгодог зүйл л дээ. Өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг 20.4 их наядаар тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлөлд 22.4 их наяд төгрөг гэж байсан бол энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наяд төгрөг болж 5 их наядаар нэмэгдсэн зардлын төсөл оруулсан. Гэтэл өнөөдрийн төсвийн тодотголоор 30,5 их наяд төгрөг болж 3,1 их наядаар нэмэгдэж орох гэж байх шиг байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн төсөөлөлтэй уялдахгүй байгаа нь төсвийн төсөөллийг ямар ч ач холбогдолгүй, зүгээр тоо болж байгааг илтгэх шиг болж байна.

Төсвийн зардлыг эдийн засгийн агуулгаар бус улс төрийн популист амлалтаар тэлж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүйгээр улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэж байгаа юм.

Төсөв тодотгохдоо:

1. Хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих

2. Эдийн засгийн гадаад дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судлах,үндэслэх. Жишээлбэл: дунд, урт хугацааны гадаад өрийн дарамт, дэлхийн улс орнуудын эдийн засгийн агшилт, таагүй харилцаа, мөнгө, зээлийн хүнд нөхцөл гэх мэтийг харгалзан үзэх

3. Нийгэм, эдийн засгийн харилцаан дах асуудлыг эрэмбэлэх, түүнд чиглэгдэх. Жишээлбэл, соёлын төвийн барилга байшин, хөшөө дурсгал, угтах, үдэх үүд, хаалга, самбар гэх мэт яг одоо хэрэгтэй бус дунд, урт хугацаанд төсвийн урсгал зардалд дарамт болох, 10, 20 дугаарт байгаа асуудлыг зүтгүүлэх бус, тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлэх.

4. Төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай, орлого олдог зүйлд чиглэхэд анхаарах. Жишээ нь, төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлого барих. Энэ нь дунд, урт хугацаанд эргээд төсвөө тэтгэх болно.

5. УИХ, МБ, ЗГ нэгдмэл, залгамж бүхий тогтвортой мөнгө санхүүгийн бодлого барихад чиглэгдэх. Жишээлбэл, залгамж байдал алдагдсанаас үнэ өснө, өр өснө, ханш унах гэх мэт эдийн засгийн суурь харилцааг бодох хэрэгтэй.

6. Удирдлагын чадварлаг, цомхон баг чухал. Өнөөдрийн манай төр засгийн нүсэр, чиг, толгойгүй, үүрэггүй бүтцийг халж , цахим бодлогоо бүтэц, хөгжилдөө нийцүүл.

7. Зардлын үр ашигтай, оновчтой хуваарилах

8. Аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдээ урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих орон зайг төсөвт бодлогоор суулгахад онцгойлон анхаарах

9. Өрийн асуудал бидний дунд, урт хугацааны мөнхийн хүнд сорил болсоор байгааг анхаарч төсөвт хандах, нимгэлэх орон зайг гаргах. Өрийг өрөөр дарах, бондыг бондоор солих, өрийг зээлээр хаадгаа болих, дотоод эх үүсвэр, нөхцөл боломжоо шахах шаардлагатай байгааг харгалзах шаардлагатай байна" гэв.

-Төсвийн зарлагаа нэмж буй нь орон нутгийн сонгуульд бэлдэх улс төрийн шийдвэр гэж дүнгэж болохоор байна-

Эдийн засагч Г.Батзориг "Төсвийн зарлагыг түүхэн дээд хэмжээнд нь буюу 27 их наяд төгрөг гэх нэлээн өндөр дүнгээр баталсан байдаг. Үүнийгээ энэ жил дахин тодотгоод 30 их наяд болгож байна. Гурван их наядаар хэмжиж байгаа зүйл нь Улаанбаатар хот руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүд гэж харж байгаа. Эл төсөл хөтөлбөрүүд нь орон нутгийн сонгуульд бэлдэж буй үйл явцтай холбоотой гэж харагдахаар байна. Мэдээж орон нутгийн сонгуулийн үеэр ард иргэдэд хэлж ярих төсөл хөтөлбөрүүд хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотголыг оруулж ирсэн гэж харж байна.

Айл өрхөөр ч, компаниар ч, улс орны хэмжээнд ч аваад үзвэл нэг талдаа орлого, нөгөө талдаа зарлага гаргаж байгаа. Үүнийг хэмжих гол хэмжүүр нь хангалттай олж байгаа бол түүнээсээ тодорхой хэмжээгээр хадгалаад үлдсэнийг нь хэрэглэнэ гэдэг нь оновчтой. Нөгөөтэйгүүр хангалттай хэмжээгээр олж байгаа орлого чинь баталгаатай юу гэдэг асуудал байна. Манай төсвийн орлогын дийлэнх нь уул уурхайгаас орж ирдэг. Ер нь гадаад эдийн засгаас хүчтэй хамааралтай. Тэр тусмаа Хятадын улс төрийн бодлогоос нэлээн хамааралтай. Ингээд харвал манай орлогын урсгал тийм ч их найдвартай биш.

Мөн зарлагад их, бага гэдэг абсольют дүнгээс илүүтэй зарлага хэр үр ашигтай зүйлд зарцуулагдсан бэ гэдэг нь чухал. Төсвийн хөрөнгө оруулалтаараа манай улс дэлхийд хойгуур бичигддэг буюу хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь үр дүн бага байна гэдэг үнэлгээг Дэлхийн банкнаас аль хэдийнэ хийчихсэн.

Иймэрхүү нөхцөл байдлаа харвал төсвийн зарлагаа нэмнэ гэдэг бол улс төрийн шийдвэр гэж дүнгэж болохоор байна.

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлээд байх тусам эдийн засаг сайжирна гэх хүлээлтийг үүсгэж чадахгүй-

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ "2024 оны улсын төсвийг маш өндөр зарлагатай, хоёр орчим их наядын алдагдалтай батлагдсан. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг харахад орлогыг 1.8 их наядаар, зарлагыг 2 их наяд төгрөгөөр нэмж оруулж ирсэн нь улсын төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр нь авч үзвэл, олонхи дээр нь зарлагыг нэмэгдүүлсэн байна. Энэ нь улсын төсвийн "даац"-ыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Зарим нэг төслийг санхүүжүүлнэ гэдэг нэрээр зарлагыг нэмэгдүүлсэн нь харагдаж байгаа. Энэ байдал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байна.

Ийм байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлээд байх тусам 2024 оны эцэс болон 2025 онд макро эдийн засгийн нөхцөл сайжирна гэсэн хүлээлтийг үүсгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайжирч чадахгүй. Улам л муудах аюултай нөхцөл рүү явж байна.

Нөгөө талдаа орлогыг бага зэрэг нэмэгдүүлсэн байна. Өмнөх төсөвт орлогыг хэт өндрөөр тооцож баталсан. Гэтэл энэ оны эцэс, ирэх оны нөхцөл байдлыг харахад, манай гол экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхгүй улмаар буурах хандлага бий. Төлөвлөсөн хэмжээний орлогоо ч олж чадна гэх баталгаа байхгүй байхад орлогоо дахин нэмэгдүүлнэ гэж оруулж ирсэн байна. Энэ бүхнээс харахад 2024 оны эцэс 2025 оны эхээр бизнесийн орчин болоод макро эдийн засаг сайжирч чадахгүй. Иргэдэд очиж байгаа мөнгөний үнэ цэн улам буурна. Тиймээс нэмэгдэж орж ирсэн сайд нарын төсвийг багасгах хэрэгтэй.

Мөн бид эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдээ л санхүүжүүлэх нь зүйтэй. Харамсалтай нь, өмнөх жилүүдэд дорвитой үр дүнд хүрээгүй төслүүдээ үргэлжлүүлэх гэж байх шиг байна. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийг ч багтаасан байна. Гэхдээ эдгээр том төслүүдийг дан ганц улсын төсвөөр санхүүжүүлэх боломж байхгүй. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх талаар ярих ёстой. Улсын төсвөөр том төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх нь эргээд төсвийн ачааллыг улам нэмэгдүүлнэ. Тиймээс төр, хувийн хэвшлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр эдгээр төслүүдээ хэрэгжүүлэх нь зөв.

Төсвийн байнгын хороо хуралдана
Төсвийн байнгын хороо хуралдана
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.