Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 15 дугаар сургууль нь 2018 оноос эхлэн зургаа дахь жилдээ гурван ээлжээр түрээсийн байранд хичээллэж буй.
Тодруулбал, тус сургуулийн үндсэн барилга 920 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Гэвч гурван мянга гаруй хүүхэд хичээллэж байна. Мөн хоёр түрээсийн байранд 1200 гаруй хүүхэд давхар хичээллэж байгаа бөгөөд нийт дөрвөн мянга гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа юм.
Иймээс улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургуулийн үндсэн барилгын ард 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барихаар болсон. Гэвч долоодугаар сарын 19-нөөс гүйцэтгэгч компани гадна шугамын ажлаа эхлэхэд зураг төслийн ерөнхий төлөвлөгөөнд тооцоологдоогүй цэвэр усны болон дулааны шугам гарч ирсэн тул түр хугацаанд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байсан юм.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөн газрын хэмжээг шилжүүлэхээр болж, ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Тус 640 хүүхдийн суудалтай сургууль нь ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны хүүхдүүд хоёр ээлжээр суралцах боломж бүрдэнэ.