Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, “Тэрбум мод сан” хамтран санхүүгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл бухын хөшөөг сүндэрлүүлж, өнөөдөр нээлт хийлээ.
Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болсон. Энэ жишгээр Монголын санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болгон бухын дүрслэлийг өөрийн орны онцлог, ёс бэлгэдлийг шингээн урлалаа. Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг гүн шингээж өгчээ.
Хөшөөний нээлтийн ёслолд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцов.