Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Энэ мөрөөдлийг бодит болгож, эх хэл, өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж яваа залуус бол "Чингис хаан" одонт "The Hu" хамтлагийнхан.
Эх дэлхийг тойрох тэдний аялал эх орондоо түр саатаж, ирэх сарын 10-нд задгай талбайн бүрэн хэмжээний тоглолтоо HIT PARK-д хийхээр товоо зарласан. Хүлээлт үүсгэсэн тоглолтынх нь талаар болон амжилт ололтынх нь талаар цөөн хором ярилцснаа хүргэж байна.
-Хүсэн хүлээсэн тоглолтоо эх орондоо тоглохоор товоо зарлажээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
Г.НЯМЖАНЦАН: Бид үндэсний баяр наадмынхаа өмнө буюу ирэх долдугаар сарын 10-нд тоглолтоо хийх товоо зарлаад бэлтгэл ажил ид дундаа явж байна. Монголдоо анх удаа задгай талбайн бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа гэдэг утгаараа хүмүүс маш гоё эерэгээр хүлээж авч байгаад баяртай байгаа. Үзэгч фенүүддээ сайхан тоглолт хүргэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан хичээх болно.
-Ямар мэдрэмж төрж байна. Гаднын тайзан дээр тоглохоос өөр байна уу?
Ц.ГАЛБАДРАХ: Мэдээж өөр. Эх орондоо анх удаа ом хэмжээний шоу хийх гэж байгаа учраас гэртээ байгаа юм шиг тухтай мэдрэмж төрж, сэтгэл дүүрэн байна.
Г.НЯМЖАНЦАН: Бүх хүн бид нартай монголоороо ярина гэж бодох төдийд л сайхан санагдаж байна.
-Өмнө нь эх орондоо тоглож байсан. Энэ удаагийнх юугаараа онцлогтой байх бол. Ямар уран бүтээлчид оролцох вэ?
Ц.ГАЛБАДРАХ: Задгай талбайн бүрэн хэмжээний шоу тоглолт гэдгээрээ онцлогтой. Бидний тоглолтыг дэмжээд олон сайхан уран бүтээлч оролцохоор болсон. Одоохондоо зарлах хараахан болоогүй байна.
-Шинэ уран бүтээлийн тухайд?
Г.НЯМЖАНЦАН: Яг одоогийн байдлаар 3 дахь цомог дээрээ төвлөрч, шинэ дуунууд дээрээ ажиллаж байна. 3 дахь цомог өмнөх цомгуудаасаа онцлогтой. Маш чухал цомог гэж харж байгаа. Хүлээлт ч их байх шиг байна.
-"The HU" хамтлаг өнөөдрийн байдлаар нийт хэчнээн улс оронд аялан тоглолт хийсэн бол. Тоолж үзэв үү?
Ц.ГАЛБАДРАХ: Ерөнхий байдлаар нэг тоолж үзсэн. 2019 оны зургаан сараас эхлээд Европ, Америк, Азийн орнууд, Австрали гээд 70 гаруй оронд 300 гаруй удаагийн шоу тоглолт хийсэн байсан. Очоогүй газрууд их байгаа. Ирэх намар "Europe Tour" зарлагдсан байна. Өмнө нь очиж байгаагүй улс орон. Шинэ газар, шинэ фенүүдтэйгээ уулзах болсондоо туйлын баяртай байгаа.
-Анх уран бүтээл хийж эхлэхдээ өнөөдрийн энэ амжилтаа төсөөлж байв уу?
Г.НЯМЖАНЦАН: Төсөөлж бас мөрөөдөж байсан. Бид маш гоё шинэлэг зүйл хийж байгаагаа туйлын өндөр түвшинд ойлгосон байсан. Анх Төр хурахын ам руу гараад өөрсдийн уран бүтээл, хүсэл эрмэлзлэлээ ярьж байхдаа хйисэн нэвтрүүлгийг одоо үзэхээр "Бидэнд дэлхий харагдаж байна аа" л гээд яриад байсан байдаг. Өөрийн бодол хүчтэй гэдэг шиг амны бэлгээрээ болсон. Бид өөрсдөдөө итгэж байсан. Амжилтанд хүрнэ гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй. Тийм ч болохоор өнөөдөр энэ дайтай явж байгаа болов уу гэж боддог.
-Дэлхийн тайзан дээр Монгол хамтлаг гараад эх хэлээрээ дуулаад зогсох мэдрэмж ямар байдаг бол?
Ц.ГАЛБАДРАХ: Маш бахархалтай санагддаг. Анх 2019 онд цомгоо гаргаагүй, 3-хан дуу цацчихаад алдартай том фестивалиудад шууд оролцож байсан. Тухайн үед хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг асуулт бидэнд их сонирхолтой байлаа. Өдөрт 80-90 мянган хүн цуглаж байгаа тэр том фестивалиуд дээр анх удаа гарч байхад бидний гарах цагт хүн багтахгүйгээр цуглаад, HU HU HU гээд орилж байхыг харах үнэхээр гайхалтай байсан. Маш их урам авсан. Тэр эрчээрээ өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж өвөг дээдсээс уламжлагдсан энэ гайхалтай өв соёлоо дэлхий дахинд түгээж байгаагаараа маш их бахархдаг.
Г.НЯМЖАНЦАН: Бидний тоглолтын сүүлийн номер явж байхад хүртэл хүмүүс орж ирсээр байхыг харах үнэхээр гоё мэдрэмж байсан. Гаднын тайзан дээр үзэгчдийн сэтгэл хөдлөлийг мэдрээд эх хэлээрээ дуулна гэдэг маш том бахархал. Маш гоё мэдрэмж байдаг.
-Төдийгөөс өдий хүрэх зам дардан байгаагүй байх. Юуг туулж өнөөдөр энд ирсэн нь сонин байна. Шантрах үе байв уу?
-Г.НЯМЖАНЦАН: Гаднаас харахад бид олон орноор аялж зугаалаад гоё харагдаж байгаа байх. Гэхдээ цаана нь асар их хөдөлмөр. Бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр гээд их олон зүйл өрнөж байдаг. Адаглаад л бид өвдөхгүй байх ёстой. Шантралгүйгээр энэ бүхнийг давж туулаад нэг сэтгэлээр өнөөдрийг хүрч чадсан минь бид бүхнийг энэ зэрэгтэй авч яваа болов уу гэж боддог.
-“THE HU” ХАМТЛАГ цаашдын зорилгоо яаж тодорхойлсон байгаа вэ?
Г.НЯМЖАНЦАН: Бид өөрсдийнхөө гаргаад явж байгаа зам дээр анхдагч. Бүх зүйл дээр анхдагч байх. Түүнийхээ эзэд нь байх. Хариуцлагатайгаар хандаж оргилд нь гарах гээд маш олон хариуцлага бидний толгой дээр явж байдаг. Мэдээж хүсэл зорилго бол байна. Том шагналууд, дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүд дээр ажиллаж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх тэр сайхан цагийг мөрөөдөж байна. Бидний хийх ёстой маш их зүйл биднийг хүлээж байгаа. Тийм учраас бүх зүйлээ зарцуулж, чадахаараа хичээх ёстой гэж бодож байгаа. Ирээдүйд домог болохын төлөө л явж байгаа шүү дээ.