Лу.Гантөмөр: Ардчилал гэдэг зүйлийг яавал бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 49 секунд

Ардчилсан намынхан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарахаа илэрхийлж буй. Хавдраа эмчлүүлэх гэж гадагшаа явдаг, үүний тулд 200 сая доллар төлдөг улс болсныг өөрчлөхийг зорьж байгаагаа тэд хэлж буй юм.

Судалгаагаар 8 жилийн өмнө иргэдээс нэн тэргүүнд тулгамдаж буй 5 асуудлыг нэрлээч гэхэд авлига, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэж хариулж байв. Өдгөө эдгээр дээр нэг асуудал нэмэгдэж, хамгийн эхэнд бичигдэж буй нь үнийн өсөлт. Гэвч алдагдсан 8 жилд эдгээрийн алийг нь ч шийдээгүй. Утаа бүр хортой болж, хэдэн зуун хүн угаартаж үхсэн. Түгжрэл улам нэмэгдсэн.

Энэ талаар Л.Гантөмөр “Ховд хүртэлх замыг Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн жилийн дотор барьж чадсан. Харин МАН-ынханд бүх эрх мэдэл нь байхад одоогийн нөхцөл байдлыг бий болгосон буруутныг яагаад хайгаад байгаа юм бэ. Тэд ажил хийдэггүй, улстөрждөг. Хэн нэгэн рүү бурууг чихдэг. Тэдний шударга ёсны тэмцэл нь зогсчихсон. Хэнийгээ барьж хорих вэ? Одоо дийлэхгүй. Яагаад гэвэл авлига өгч, авдаг тогтолцоог алга болгох ухаан, сэтгэл байхгүй. Ардчилсан нам сонгуульд ялаад нэг жилийн дотор авлига өгч, авдаггүй болгох хууль батална” хэмээн онцлов.

Ардчилсан намын дарга мөн “Зарим хүн өнгөрсөн 8 жилийг “Байлдаантай кино шиг 8 жил байлаа. Энэ кино олон ангитай биш байгаасай” гэсэн. Монгол Улс авлигын индексээр 180 орноос 121 дүгээр байрт бичигдэх болж ухарлаа. Хүний эрх зөрчигдөж буй үзүүлэлтээр хоцрогдсон 50 орны эгнээнд шилжчихсэн. Сүүлийн жилүүдэд үг хэлснийхээ төлөө цагдаад дуудагдсан 1500 хүн бий.

Ардчиллын төлөө байдаг олон мянган хүн үүнд санаа зовж байгаа. Ардчилсан намынхан бол шүүмжилснийх нь төлөө хэн нэгнийг цагдаад өгдөггүй. Намайг олон нийтийн сүлжээнд хоёр хүн байнга л шүүмжилж байна. Тэднийг би шүүх, цагдаад өгөхгүй, байлгаад л байгаа. 1500 хүн цагдаад дуудагдана гэдэг бол маш аймшигтай.

Иймээс энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай сонгууль. Биднийг асар их доромжилж байна. Яавал ардчиллынхныг цөөхөн гаргаж ирэх вэ. Яавал ардчилал гэдэг зүйлийг бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна. Л.Гантөмөр гэдэг хүнийг ертөнцөд байхгүй муу хүн болгож хувиргасан. Ардчилсан нам бол үе солигдсон нам. Энэ удаагийн сонгуулиар эрх баригчдад хариуцлага тооцож чадахгүй бол Монголын ардчилал мөхөхөд ойрхон байна” гэсэн юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 9 зорилттой, 90 заалттай, 900 хийх ажлын төлөвлөгөө гэж буй. Энэ тухай Л.Гантөмөр “Бидэнд Монгол Улсыг өрнөөс гаргах, боловсрол, эрүүл мэндийн салбараа босгож ирэх, үйлдвэртэй болох төлөвлөгөө бий. Гангийн, зэс боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Монгол тийм ч их төмөртэй улс биш. Гэтэл “улны, шалны” үнээр зөөсөөр байгаад одоо нөөцгүй боллоо. Бид ард нь баахан нүхтэй үлдэнэ. Өөр ганц жишээ хэлье. Ноолуураа “Говь” компанид тушаахаар татвар төлдөг. Хятад руу экспортлохоор татвар төлдөггүй. Энэ ямар гээчийн хууль вэ. Энэ баялгийг Монголд боловсруулахаар татвар төлдөг. Хятад руу шууд гаргахаар татвар төлдөггүй. Бид ийм орчинд амьдарч байна.

Өнөөдөр эрх баригчид мөнгөөр бүгдийг худалдаж авъя гэж байна. Дарга нарын тансаглалыг тасалж болно. Тэдний ямбыг халах хэрэгтэй. Үгүй бол дарангуйлал бий болж, дөрвөн жилийн дараа сонгуульд орох ч тэнхээгүй болно. Цөвүүн цагийг зогсооё гэж уриалж байна. Цөвүүн цагийг зогсоох чөлөө, учрал бүрдэж байгааг хэлье” гэж тодотголоо. Уулзалтад ирсэн сонгогчид ардчиллаа авч үлдэж, Ардчилсан намынхныг дэмжихээ илэрхийлсэн юм.

Гадаадад байгаа сонгогчдыг бүртгэж дуусжээ
Гадаадад байгаа сонгогчдыг бүртгэж дуусжээ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц