Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Төгөлдөр: Киноны саналууд ирсэн ч ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тоглож чадаагүй. Эмчийн ажил, урлагийн ажил хамт явах боломжгүй гэж боддог

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 10 секунд

UbnStory булангийнхаа энэ удаагийн зочноор охидын краш, ЦАРАЙЛАГ эмч Х.Төгөлдөрийг урьж ярилцлаа. Түүнийг Яаралтай тусламжийн тасгийнхан олон ангит киноны Төгөлдөр эмчийн дүрээр кино сонирхогчид эчнээ танина. Тэр ч утгаараа АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн түүнийг жүжигчин мэргэжилтэй гэж андуурах хүн олон бий.

Тиймээс эрүүл мэндийн салбараар овоглодог залуу эмч кино урлагтай хэрхэн холбогдсон талаар болон бусад сонирхолтой сэдвээр цөөн хором ярилцлаа.

pic.twitter.com/EPqkMZuWQ3

-Таны хувьд "Яаралтай түргэн тусламжийн тасаг" ОАК-ны Х.Төгөлдөр эмч гэдгээрээ үзэгчдэд танигдсан. Эмч болох багын мөрөөдөл байв уу?

-Юуны өмнө UBN сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Х.Төгөлдөр гэдэг. АШУҮИС-ийг 2019 онд төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Эмч болох миний багийн мөрөөдөл байсан. Гэхдээ ЕБС-иа төгсдөг жил мэргэжлээ солих шийдвэр гаргасан. ЭЕШ-аа өгчихөөд СЭЗИС болон АШУҮИС-д бүртгүүлсэн. Харамсалтай нь СЭЗИС-д математикаараа тэнцээд англи хэлээрээ тэнцээгүй. АШУҮИС-д бүх хичээлээрээ тэнцсэн. Ингээд эмч болох эхлэл тавигдсан. Эмч болохоор суралцаж байхдаа "Би юу хийчхэв ээ. Буруу ч мэргэжил сонгочхов уу" гэж бодож шантрах үе олон байсан. Одоо бол эсрэгээрээ эмч мэргэжилдээ маш их хайртай болсон.

-Яг юу таны бодлыг өөрчилсөн юм бол. Олон жил сурдаг. Цаг наргүй, цалин багатай гээд дурлах гэхээсээ илүү шантрах шалтгаан их юм шиг санагддаг?

-Нэгдүгээрт, хүний бие маш сонирхолтой, ухаалаг бүтэцтэй юм байна гэдгийг ойлгосон. Судлах тусам улам татагддаг. Хоёрдугаарт, өвдөж, шаналсан нэгний итгэл найдвар болдог чухал мэргэжил юм байна гэдгийг ойлгох тусам илүү ихээр татагдаж, ажилдаа дурлаж байгаа. Тэр дундаа хүүхдийн эмчээр мэргэших хүсэл сүүлийн үед маш ихээр төрж эхэлсэн. Учир нь би өөрөө хүүхдэд маш их хайртай. Ялангуяа саяхан дүүтэй болсноосоо хойш хүүхдүүдийг бүр ч ихээр хайрлах болсон. Тиймээс зүрх, судсаар мэргэших сургалтуудаа дуусгачихаад дахиж сурч, хүүхдийн эмчээр мэргэших зорилготой болсон байна.

-Сүүлийн үед ямар ажилд төвлөрч байна?

-Миний мэргэжлийн онцлог их удаан сурдаг. АШУҮИС-д элсэн орсноос хойш 10 дахь жилдээ суралцаж байна. Дунд нь хоёр жил ажилласан. Яг одоо бол резиндентийн дараагийн олгох сургалтдаа сурч байна.

-Ямар чиглэлээр мэргэшиж байгаа вэ?

-Зүрх, судасны эмчээр мэргэшиж байгаа.

-Энэ салбар дахь цаашдын төлөвлөгөө, хэтийн зорилго нь юу байна?

-Хэтийн зорилго бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг эмч болох. Ойрын төлөвлөгөө гэвэл эхний ээлжид одоо сурч байгаа зүрхний олгохоо төгсөнө. Дараа нь титэм судсан доторх мэс ажилбар хийдэг эмч болохын тулд дахиж нэг жил сурна. Бас хүүхдийн чиглэлээр мэргэших гээд төлөвлөсөн зүйл маш их байна.

-Эмч хүнийхээ хувьд залуучууддаа хандаж зөвлөгөө өгөөч гэвэл та юуг зөвлөх вэ?

-Нойр гэдэг зүйл маш чухал шүү гэдгийг ойлгуулж хэлэхийг хүсэж байна. Учир нь залуучуудын дийлэнх нь нойрны дутагдалтай. Орой унтаж, эрт сэрдэг. Энэ бол маш буруу дадал. Нойр бүтэн эсвэл дутуу байхаас маш их зүйл шалтгаалдаг. Би хувьдаа бүх зүйлийн эхлэл гэж боддог. Таны амжилтад хүрэх эсэх нь ч таны нойртой холбоотой. Тиймээс эрт унтаж, эрт сэрж хэвших хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой шүү гэж хэлмээр байна.

-АШУҮИС төгссөн залуу эмчид олон ангит киноны гол дүрд ажиллах санал хэрхэн ирж байв?

-Би оюутан байхдаа мөнгө олох зорилгоор зураг авалтуудад ордог байсан. Тэр үед кино багийнхан жүжигчин хайж таараад найруулагч нь намайг олж харсан юм шиг байгаа юм. Шууд надад санал тавиад би шалгаруулалтад орсон. Эхний жүжиглэлт маш муу байсан ч зааварчилгааг маш сайн сонсож, хурдан сурч байсан болохоор тэнцсэн гэж ойлгосон.

-Хэдий эмчийн дүрд тоглож байгаа ч тэр олон камерын өөдөөс хараад жүжиглэнэ гэдэг эмч хүнд амар байгаагүй болов уу?

-Эмнэлгийн орчинд өрнөсөн зураг авалтууд дээр харьцангуй гайгүй байсан. Орчноо мэдрэх, мэргэжлийн үг хэллэг гэх мэт зарим зүйл дээр бусдадаа зөвлөөд харьцангуй тайван байсан. Эмнэлгээс гараад явахаар л байхгүй болчихно. Маш хэцүү санагдсан. Кинонд тоглоно гэдэг чинь яасан хэцүү юм бэ гэж л бодогддог юм билээ. Яг тэр цаг мөчид л эмч мэргэжилдээ ямар их хайртайгаа мэдэрч, мэргэжлээ, ажлаа маш их санасан. Хамгийн гоё санагдсан зүйл нь өөрийнхөө нэрээр өөрийнхөө мэргэжлийн дүрийг бүтээж ажиллах байсан. Эмнэлгийн тухай олон ангит кинонд гол дүрийн эмчийн дүр бүтээсэн эмч хүн олон биш болов уу гэж боддог.

-Одоо эргээд бодоход хамгийн хэцүү санагдсан зүйл нь юу байна?

-Бүх зүйл нь хэцүү байсан. Амархан санагдсан зүйл нэг ч байгаагүй.

-Яаралтай тусламжийн тасгийн Төгөлдөр эмч амьдрал дээрх Х.Төгөлдөр эмч хоёр хоорондоо хэр төстэй вэ?

-Зан ааш, гаргаж хариу үйлдлүүд нь их төстэй. Яагаад гэвэл би яг өөрийнхөө мэдэрч байгаагаар тухайн дүрээ гаргахыг хичээсэн. Мэдээж өөр зүйл олон бий. Яаралтай тусламжийн тасгийн Төгөлдөр эмч ПС тоглодог. Эмчээр ажиллах дургүй хэрнээ мэргэжилдээ сайн залуугийн дүр. Миний хувьд эсрэгээрээ ПС тоглодоггүй. Эмч мэргэжилдээ дуртай. Төгөлдөр эмч шиг сайн биш ч сайн эмч болох гэж хичээж байгаа залуу эмч. Ийм л ялгаа байна.

-Кинонд тоглосноос хойш таны амьдралд хэр их өөрчлөлт гарсан бэ. Төгөлдөр эмчийн дүрээр олон хүнд танигдсан байх?

-Кинонд тоглох хэцүү ч ард нь гараад дэлгэцэнд гарах мэдрэмж маш гоё байдаг юм байна лээ. Эхний анги цацагдсны дараагаас л хүмүүс таниад, "Төгөлдөр эмч байна" гэх үгс энд тэнд сонсогдоод эхэлсэн. Зарим хүмүүс огт танихгүй байж мэндлээд, магтаад л маш их хүндлэлийг мэдэрсэн. Надад тэр мэдрэмж шинэхэн байсан болоод ч тэр үү маш их таалагдсан. Үзлэг хийж байхад хүртэл "Төгөлдөр эмч байна. Танд л үзүүлье" гэх жишээний.

Яаралтай тусламжийн тасгийн чадварлаг эмч Төгөлдөрийн дүрээр хүмүүст бага ч болов танигдсан нь миний хувьд маш том аз гэж хардаг. Тийм ч учраас маш их хичээж, илүү их суралцах ёстой гэж боддог болсон.

-Кинонд тоглох санал хэр ирж байв?

-Киноны саналууд ирсэн. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад цаг зав багатай байдаг учраас тоглож чадаагүй. Найз нөхдийн гуйлтаар хугацаа шаардахгүй туслах дүрд ганц, хоёр удаа л тоглосон.

-Одоо танд кино, уран бүтээлд тоглох санал ирвэл та хүлээж авах уу?

-Бараг л үгүй болов уу. Эмчийн ажил, урлагийн ажил хоёр хэзээ ч хамт явах боломжгүй гэж боддог. Амралтын өдрүүдэд нэг, хоёр өдөр зарцуулаад дуусах боломжтой ажил байвал л юу юм гэхээс урт хугацаа шаардах ажилд орж чадахгүй байх.

СУДАЛГАА: Гадаад улсад сурч, амьдарч буй 10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулжээ
СУДАЛГАА: Гадаад улсад сурч, амьдарч буй 10 хүн тутмын 8 нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.