Энэ удаагийн парламентын хамгийн “отгон” чуулган үргэлжилж буй. Хаврын чуулган нээлтээ хийсэн цагаасаа хойш УИХ-ын гишүүдийн ирцийн хэл амнаас салаагүй. Учир нь 2024 оны ээлжит сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулах тул нэр дэвшихээр горилж буй хүмүүс 3-4 аймгаар явж өөрийгөө таниулж яваа. Ийм учраас чуулганы хуралдаанд сууж хууль батлалцах үндсэн үүргээ дараагийн асуудалд тооцож, сонгуулийг чухалчилж байгаа юм.
Улмаар чуулганы хуралдааны ирц арай ядан бүрдэж буй. Харин байнгын болон түр хороодын ирц хүрэхээ больсон тул чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудал хойшилсоор байгаа. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж зохион байгуулах сонсголуудын нэг нь “НОГООН АВТОБУС”-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол юм. Олон нийт ч багагүй хүлээлт тавьсаар байна. Уг сонсголыг зохион байгуулах түр хороо мягмар гарагт хуралдаж, сонсголын тов болон гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг тодруулах байлаа.
Гэтэл мөн л ирцийн асуудлаас болж дээрх чухал асуудлыг хэлэлцэж чадсангүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан түр хороо нь 10 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 4 нь орон нутагт, 1 нь гадаадад томилолттой байгаа бол өөр нэг нь өвчтэй гэх шалтгаанаар түр хороо хуралдаж чадаагүйг дарга нь мэдэгдэв.
Улс төрийн хүрээнд хаврын чуулган тавдугаар сарын 15-20-ны хооронд хаалтаа хийхээр төлөвлөж буй учраас “НОГООН АВТОБУС”-ны сонсголыг хийж амжихгүй гэх яриа ч гараад байгаа юм. Хэрвээ ирц гэх мэт жижиг шалтгаанаар энэ ажил гацсаар байвал үнэхээр энэ удаагийн парламентын хугацаанд сонсголоо хийж амжихгүй дүр зураг харагдаж байна. Эсвэл сонсгол зохион байгуулсан гэх нэр төдийхнөөр аргалж ч магадгүй юм.