Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа. Тус хоёр нүхэн гарц барьж байгаа таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзварын хэсэгт байгуулж буй төслийн хэрэгжилтэд СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын захирал У.Баатар нар өчигдөр очиж ажиллалаа.
Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм.
Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.