Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ажиллалаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудад хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” хэмээлээ.
Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцоллоо.