ХӨНДӨХ СЭДЭВ: “Hi Sainuu”-гийнхан сураг алдарч, дугуй түрээслэхээр цэнэглэлт хийсэн иргэд мөнгөө авч чадалгүй ХОХИРООД ҮЛДЭВ ҮҮ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 2 секунд

Нийслэл Улаанбаатар хот улбар шар өнгийн дугуй, скүүтерээр өнгө нэмж, хэрэглэгчид урьдын адил баяртайгаар угтан авлаа. Энэ бол “Тапа” скүүтэр болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээ юм. Эл үйл явдалтай зэрэгцэн өнгөрсөн зун буюу 2023 оны наймдугаар сард "Hi Sainuu" дугуй түрээсийн үйлчилгээтэй анх танилцаж, шар, цэнхэр өнгийн цоо шинэ дугуйтай хүмүүс хотын гудамжаар холхиж байсан үе санаанд буув.

Тиймээс бид үйлчилгээнд нэвтрээд хоёр сар ч хүрэлгүй зах зээлийн үнэлгээгээр 720 мянган төгрөгийн үнэ бүхий 1000 дугуйныхаа 400 нь тонуулж, эвдүүлсний улмаас үйлчилгээгээ түр зогсоож буйгаа мэдэгдсэн "Hi Sainuu" компанийнхан яасан бол амласан ёсоороо дахин үйл ажиллагаагаа явуулах уу. Аль эсвэл бүр мөсөн дампуурлаа зарласан болов уу гэх мэт асуултад хариулт хайлаа.

Тухайн үед болсон процессыг эргэн сануулахад, 1000 дугуй үйлчилгээнд гаргасан "Hi Sainuu" компанийнхан хэрэглээний соёлгүй хэсэг иргэдээс болж үйлчилгээгээ түр зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Эл мэдэгдэлтэй зэрэгцэн тус компанийн 15 мянган дагагчтай пэйж хуудас дээрх бүх мэдээлэл устаж, ажиллагаагүй болсон нь хэрэглэгчдийнх нь бухимдлыг төрүүлээд амжсан.

Үйл ажиллагаагаа түр зогсоох тухай олон нийтэд мэдэгдэхдээ, цэнэглэлт хийсэн хүмүүс мөнгөө хэрхэн буцааж авах талаар заавар, зөвлөмж өгч тайлбар хийгээгүй нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, үйлчилгээ авахаар дансаа цэнэглэсэн байсан иргэд цэнэглэлт хийсэн мөнгөө хэрхэн яаж, буцааж авах тухайгаа хэрэглэгчдийн группэд нийтлэн хамтарч цагдаад хандаж, хохирлоо барагдуулах хүсэлт гаргах тухайгаа ч хэлэлцээд амжсан байдаг.

Үүний дараа, тус компанийнхан "Сар хүрэхгүй хугацаанд манай түрээсийн дугуйг зориулалтын бус газар буюу нийтийн эзэмшлийн бус газар байрлуулах, дугуйн тоноглол эд ангийг салгаж, зориуд эвдэж гэмтээх асуудал удаа дараа гарч байсан бөгөөд ингэснээр түрээслэгдэх боломжтой дугуйн тоо буурч маш олон дугуй ашиглалтаас гарсан. Тиймээс 2023 оны аравдугаар сарын 10-наас гадуур ажиглалтад буй дугуйг эргүүлэн татах ажлыг эхлүүлсэн болно. Цаашид бид дугуйн чанарыг сайжруулж илүү олон тоогоор түрээсийн үйлчилгээнд оруулах, дугуй түрээсийг өргөн хүрээнд хөгжүүлэхээр 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас дахин үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний байдлаар 2024 онд 30-50 орчим мянган дугуйг түрээсийн үйлчилгээнд оруулна. Дугуйн аппликейшн дээр байгаа үлдэгдэл төлбөрөө дансандаа буцаан авах хүсэлтэй хүмүүс [email protected] эсвэл 80638004 дугаарт мессеж илгээнэ үү” хэмээн мэдэгдэл гаргасан юм.

Үүнээс хойш сураг алдарсан. "2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлнэ" хэмээн мэдэгдсэн ч амласан хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлсэнгүй. Бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, үйл ажиллагаагаа дахин явуулах эсэхийг тодруулахад, мэдээлэл өгөхөөс татгалзав. Дансаа цэнэглэсэн иргэд өнөөдрийг хүртэл мөнгөө хэрхэн буцааж авахаа асууж, сурсан хэвээр байна. Учир нь мэдэгдэлд бичсэн мэйл хаяг болон утасны дугаар руу төлбөрөө буцааж авах хүсэлт илгээсэн ч огт хариу өгөхгүй ор сураггүй алга болсон гэх.

Анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн хаяг нь эзэнгүй. Мэдэгдэл дээр бичсэн утас нь холбогдохгүй. Албан ёсны пэйж хуудас дээрх бүх мэдээллээ устгасан. Аппликейшн нь ажиллахгүй. Компанийнхан нэр дээр бүртгэлтэй албан ёсны ганц дугаараар нь холбогдоход мэдээлэл өгөх боломжгүй гэх ганцхан хариулт хэлчхээд утсаа тасалсан гээд тус компанийнхантай холбогдож, тодорхой мэдээлэл авах ямар ч боломж байсангүй.

Тус компанийн үйлчилгээг авахаар мөнгө байршуулж хохирсон гэх иргэд хэрэглэгчдийн группэд хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх, байршуулчхаад ашиглаж чадаагүй мөнгөө хэрхэн буцааж авах талаар асуусаар байгаа ч хариулт өгөх хүн алга.

Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандсан эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад, "Албан ёсоор гомдол гаргаагүй" гэв.

Ямартай ч "Hi Sainuu" компанийнхан амласан хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлсэнгүй. Дахин үйл ажиллагаагаа явуулах уу, аль эсвэл бүр мөсөн үйл ажиллагаагаа зогсоох уу гэдэг нь тодорхойгүй байна. Үүнд ганцхан тухайн компанийн залуусыг буруутгаад өнгөрч болохгүй юм. Нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн залуус хэрэглээний соёлгүй хэсэг иргэдээс болж сар гаруйн хугацаанд 1000 дугуйныхаа 400-г нь дахин ашиглах боломжгүйгээр эвдүүлснээр ийм байдалд хүрсэн.

"Hi Sainuu" түрээсийн дугуйнд гарсан түгээмэл гэмтлүүд нь ихэвчлэн хүний гараар санаатайгаар эвдэлж, сүйтгэсэн тохиолдлууд байсан гэдгийг тухайн үед мэдэгдэж байв. Тухайлбал, QR кодыг ажиллагаагүй болгох үүднээс будах, хагалах, байршил тогтоогчийг нь салгах зорилгоор тастагчаар тастах, гинжийг нь таслах, сандлыг нь авах, урж тастах гэх мэт хүний санаанд багтамгүй үйлдлүүд гаргадаг. Мөн ойролцоох зогсоолд үлдээх ёстой дугуйг гэр хороололд аваачаад амбаартаа түгждэг, хашаанаас гаргаж өгдөггүй эсвэл Бэлх, Сэлх гээд тогтоосон тойргоос хол амралтын газар хаяна. Үгүй бол голын эрэг бургас, шавар дунд шидэж бас гацааж орхих тохиолдол маш их байдгийг дурдаж байсан юм.

Энэ бол хүн итгэж, хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч бодит үнэн. Тиймээс, иргэд буюу хэрэглэгчид нь түрээсийн дугуй, скүүтерийг өөрийн юм шиг хайрлаж, гамнах, зөв зохистой ашиглах соёлд суралцах шаардлагатай байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан, үүлшинэ
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!