Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тус шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны арваннэгдүгээр сард прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул ийнхүү Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад, “Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.