Монгол оронд 15 сав газарт 300 гаруй орд бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байна. Энэ бол зөвхөн нүүрсний нөөцөөр дэлхийд үнэлэгдэж буй үзүүлэлт. Үүнээс гадна зэс, төмрийн хүдэр зэрэг газрын баялаг бидэнд бий. Гэвч дэлхийн улс орнуудтай харьцуулахад 3.4 сая гаруй хүн амтай хэр нь баялгийнхаа үр өгөөжөөс төдийлөн хүртэж чадахгүй, ядууралдаа "баригдаж" байгаа нь үнэн. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд байгалийн баялгаараа бид хэдхэн улстөрчийн амьдралыг тэжээж ирсэн хэмээн олон нийт шүүмжлэлтэй ханддаг байв.
Харин байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой гэх зарчимд улс төрийн хүчнүүд нэгдэж, өнгөрөгч долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсныг УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжээд байна. Ингэхдээ эл хуулийн гол концепцийг байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулахад чиглэгдэх талаар хууль санаачлагчид онцолж байсан. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага болоод онцлог заалтуудыг танд хүргэж байна.
-Жил жилийн улсын төсвийн 25-30 гаруй хувийг Эрдэс баялгийн салбарын орлогоор бүрдүүлж иржээ-
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, үр өгөөжөөс бүрэн хараат байсныг улсын төсөв бүрдүүлэлтэд эзэлж буй байдлаас харж болно. Үүнийг сүүлийн дөрвөн жилээр авч үзвэл:
Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн салбарын орлогоо тодорхой хууль тогтоомжийн хүрээнд төсөвтөө "шингээдэг" хэдий ч тэдгээр нь иргэдэд баялгаа шууд байдлаар тэгш хүртээх зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байгаа тул эдгээр харилцааг зохицуулах анхдагч хуулийг боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн аж.
-ЗОРИУЛАЛТ: Баялгийг хүртээнэ. Гэхдээ БЭЛЭН МӨНГӨ ТАРААХГҮЙ-
Хуулийн төсөл 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэж буй. Ингэхдээ Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаас бүрдэнэ. Харин эдгээр сангуудын зориулалтыг ийнхүү тодорхойлсон байдаг.
-Ирээдүйн өв сангийн зориулалт нь баялгийн үр өгөөжийг хойч үеийнхээ иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор 2030 онд хүртэл хуримтлуулах. Ингэхдээ 2030 оноос хуримтладсан хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөх зорилгоор хэд хэдэн байдлаар ашиглаж болно. Тухайлбал, хуулийн төсөлд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно хэмээн тусгажээ.
-Хуримтлалын сангийн зориулалт нь газрын хэвлийн баялгаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээнд зориулж, тус чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх аж. Ингэхдээ БЭЛЭН МӨНГӨ ТАРААХГҮЙ гэдгийг онцолж буй.
-Хөгжлийн сангийн зориулалт нь уул уурхайгаас хараат байдлаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхийн тулд нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий стратегийн төсөл хөтөлбөрүүдийг эл сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Ирээдүйн өв сан хойч үедээ, хуримтлалын сан одоогийн иргэддээ чиглэгдэж байсан бол энэ сангийн үр өгөөжийг одоо үеийн болоод хойч үеийн иргэд маань ч хүртэх аж.
-ЭХ ҮҮСВЭР: Эрдэнэт үйлдвэр, ЭТТ, Оюутолгойн төрийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцааны ногдол ашгийг ХУРИМТЛАЛЫН санд төвлөрүүлнэ-
Баялгийн сангийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар шийдлийг хууль санаачлагчид дараах байдлаар үзжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэшлийн ногдол ашиг, хөрөнгө оруулалтын орлого болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлд гарсан ашгийн тодорхой хувиас бүрдүүлнэ.
Тухайлбал, Хуримтлалын санд дээр дурдсан уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Оюу Толгой зэрэг ордууд багтаж байна.
Зориулалтыг нь нарийвчлан тодорхойлж буй учраас эл Баялгийн санд багтаж буй сангуудын мөнгөн хөрөнгийг зориулалт бус төсөл хөтөлбөрт зарцуулахыг хориглож байна.
-Уул уурхайгаас олсон орлогоор улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг ХОРИГЛОНО-
Эл хуулийн төслийг дагаж хэд хэдэн дагалдах хуулийн төслүүдийн өөрчлөлтийг өргөн барьсан. Тухайлбал,
ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлт:
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа, эрхийг өв залгамжлал, бэлэглэлээр шилжүүлсний орлогод 80 хувиар татвар ногдуулах заалтыг нэмжээ. Мөн
Үндэсний баялгийн сангийн сангуудад төвлөрүүлсэн орлогод татвар ногдуулахгүй.
Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлт:
-Нийтлэлийн эхэнд дурдсанчлан баялгийг хэсэг бүлгийн өмч болгох "тогтолцоог" халах өөрчлөлтийг үүнтэй холбожээ. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниа нээлттэй хувьцаат компани болгох, ингэхдээ нийт хувьцааны 20-иос дээш хувийг хэн нэг этгээдэд дангаар нь болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихийг хоригложээ.
Өөрөөр хэлбэл, тухайн эзэмшиж буй ордоо хувьцаат компани болгох тохиолдолд "гэр бүлээрээ эзэн суух" тогтолцоог хална гэх агуулга аж.
Улс төрийн намын тухай хуульд оруулах өөрчлөлт:
-Уул уурхайгаас олсон орлогоор улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглох заалтыг тусгажээ
-Хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ-
Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна хэмээн хууль санаачлагчид үзжээ.
- Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана
- Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрсдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.
- Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.
- Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Ирээдүй өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримтлалыг бий болгоно.
- Ирээдүй өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ.