Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Ёс зүйгүй үйлдэл гаргасан олны танил хүмүүсийг бойкотлоё

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

Монголчууд бид хэзээнээс л соёл урлагийн салбартаа хир халдаалгүй ирсэн. Тиймдээ ч өнөөдөр урлаг соёлын алдартнууд хамгийн нэр хүндтэй байдаг гэхэд буруудахгүй болов уу. Харамсалтай нь бидний хайрлан хүндэлдэг бүр тахин шүтдэг олны танил эрхмүүдийн буруу, зөрүү үйлдэл ил болох нь цаг хугацааны асуудал болж. Хэдий хэсэгхэн хугацааны дараа бүгд мартагдаад өнгөрөх ч буруутай үйлдэл бүрийг хав дарж өнгөрсөөр байх нь зөв үйлдэл мөн үү.

Бусад улсын жишгээс харахад урлаг соёлын төдийгүй улс төрийн эрх мэдэлтэн, дарга цэрэг, жирийн ажилтан гээд хэн ч болов алдаа гаргасан бол түүнийх нь хариуцлагыг үүрүүлдэг. Хөрш орнууд л гэхэд аливаа нэг улс төрч авлига албан тушаалын хэрэг үйлдсэн бол цаазаар авхуулж эсхүл бүх насаараа шийтгүүлдэг. Гэвч манайд эсэргээрээ. БНСУ-д гэхэд урлаг соёлын алдартнууд бусдыг дээрэлхэж, амьдралд нь хар толбо үлдээсэн гэх мэдээлэл цацагдаж, батлагдах төдийд л бүх хамааралтай компани, байгууллагууд гэрээгээ цуцалдаг тогтсон жаягтай.

Гэхдээ энэ болгоныг бид дуурайх шаардлагатай гэсэн үг биш. Харин манайд бурууг зөв болгодог, зөвийг сайн руу чиглүүлдэг хандлага хэрэгтэй байна. Хэзээ болтол бид бие биенийхээ толгойг илж, олгойг нь нууж амьдрах ёстой вэ. Үнэхээр урлаг соёлын алдартнууд ёс зүйн асуудал гаргасан бол тухайн хүнийг олон нийтийн мэдээллийн сувгуудаар гаргахгүй байж, уран бүтээлийн гэрээ хийхгүй байх зэргээр ёсзүйн хариуцлага тооцдог болбол цаашид ч нийгмийг талцуулсан үйлдэл бага гарах болов уу.

Мөн дээр нь нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр аль ч салбарын ямар ч мэргэжилтэн хазгай муруй гишгэлээ гэхэд салбарынхаа нэр хүндийг хамт аваад унах нь бий тул хүн бүр дор бүрнээ өөрийн ухамсартай байж буруу зөрүү үйлдэлд цэг тавьдаг байх нь зүйн хэрэг болов уу.

Тедигийн гадна бүртгэлгүй дугаар зардаг 2  хүнийг баривчлахад, 140 ширхэг сим карт олджээ
Тедигийн гадна бүртгэлгүй дугаар зардаг 2 хүнийг баривчлахад, 140 ширхэг сим карт олджээ
 
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.