Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Түмэн-Өлзий: Хүн гэдэг амьтан алдаж яваад ухаарсан үедээ үр хүүхэд, хань ижил, эцэг эхээ ямар чухал вэ гэдгээ мэдэрдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
15 минут 47 секунд

Хоолойн цар хүрээгээрээ бусдаас ялгардаг цөөн хэдэн дуучны нэг бол МУСТА А.Түмэн-Өлзий. Түүний хувьд анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд шинэхэн уран бүтээлийнх нь талаар болон бусад сонирхолтой сэдвүүдээр цөөн хором ярилцлаа.

-Яг өнгөрсөн жилийн өдийд хоёулаа ярилцаж байсан шүү дээ. Дахин уулзаж, шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярих гэж байгаадаа баяртай байна. Юуны өмнө үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа "Амьдралын зөрлөг" УСК-ны талаар яриагаа эхлүүлье. Таны анхны дүр байх?

-Тэгэлгүй яахав. Миний амьдралд нэгэн шинэ хуудас нэмэгдлээ. Кино урлагт өөрийнхөө зүгээс багахан ч болов хувь нэмэр оруулж, энэхүү уран бүтээлийн нэг эд, эс болсондоо туйлын их баяртай байгаа.

-"Амьдралын зөрлөг" хэмээх энэхүү уран бүтээлд тоглох санал хэрхэн олдов. Та яаж хүлээж авав?

-"Take Off" хамтлагийн дуучин "Эрхэс" энтертайнментийн захирал Наагий маань надад киноны туслах дүр бүтээх санал тавьсан. Тухайн үед зохиол нь ямар юм бол, дүр нь ямар юм бол, надад тохирох болов уу, би чадах болов уу гэж бодоод түүнийгээ хэлтэл "Яг чамд тохирно, чи чадна" гэж хэлсэн. Мэдээж хэрэг би мэргэжлийн жүжигчин биш учраас эмээж байсан. Тэгээд л зохиолоо уншаад үзтэл надад маш ойр санагдсан л даа. Мөн дээр нь энэ кинонд оролцож байгаа жүжигчдээ хартал миний шүтэж явдаг жүжигчин, СТА Э.Батнямбуу буюу Батнаа маань байсан. Тийм учраас надад илүү их таалагдаад саналыг нь хүлээн авсан.

Киноны зураг авалтаа цагаан сарын дараа Төв аймгийн Эрдэнэ суманд хийсэн. Тэсгэм хүйтэн үеэр л кино зургаа амжилттай дуусгасан даа. Уран бүтээлчид бид нэг дууны клип хийхэд маш хэцүү байдаг шүү дээ. Гэтэл кино зураг авалт гэдэг бол түүнээс хэд дахин хэцүү санагдсан. Мөн энэ киноны сэдэв маш хүнд. Эр хүн гэдэг амьдралд нэг нугарахаараа яаж бүхнээ алддаг бас амьдралын мөн чанарыг ойлгохоороо яаж босож ирж чаддаг вэ гэдгийг ухааруулсан кино. Тийм ч учраас гол дүрийн жүжигчин Батнаа /Э.Батнямбуу/ маань энэ дүрээ маш гайхалтай амьдруулсан гэж бодож байгаа.

Бас кино зураг авалтын үеэр бид зохиолоо мэдэж байгаа хэрнээ жүжигчнээ дагаж уйлах, гуниглах гээд тэр бүх мэдрэмжийг хамтдаа мэдэрч байсан.

Энэ кино маань магадгүй амьдралд алдаж яваа, хатуу дарс амсаж, хазгай буруу гишгэж яваа бүх хүмүүст зориулж хүний амьдрал гэдэг үнэхээр баялаг, хүнийг хайрлаж энэрэх хамгийн сайхан, хэдий бор дарс танд хань болж байгаа ч гэсэн түрхэн зуурынх, үүнээс болж амьдралаа алдаж болохгүй шүү гэдгийг ухааруулах зорилготой бүтсэн болов уу гэж бодож байна.

-Киногоо үзэх мэдрэмж ямар байв?

-Ямар кино болсон бэ гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ анх үзчихээд уйлаад л байсан. Хүний дотор байдаг маш хэцүү мэдрэмжүүдийг үнэхээр чадварлаг гаргаж ирсэн болохоор Батнаа /Э.Батнямбуу/-аараа маш их бахархсан. Бас дээр нь анхны дүр болоод ч тэр үү киногоо үзэхдээ яанаа гээд л догдолж байлаа.

-Танд "үзээд алдъя" гэсэн мэдрэмж төрсөн болохоор энэ кинонд дүр бүтээсэн болов уу?

-Уран бүтээлч хүн бол аль ч салбарт хувьсах чадвартай байх ёстой гэж би боддог. Тэр ч утгаараа кинонд туслах дүр бүтээх юм сан, би чадах байх гэсэн бодолтой байсан. Тиймээс энэ киноны санал надад их таалагдсан гэж хэлж болно. Түүнээс гадна би мэргэжлийн жүжигчидтэй эн тэнцэнэ гэж байхгүй шүү дээ. Тийм ч учраас үзэгчид маань намайг жүжигчин биш дуучин талаас нь харах байх гэж бодож байна. Гэр бүлийнхэн, найзууд маань үзчихээд дүрдээ тохирсон байна, дүрээ сайн гаргасан байна гэж багахан магтсан. Үүнд бага ч болов урамшиж байна.

-Тэгэхээр та цааш цаашдын уран бүтээлдээ улам илүү гал цогтой оролцох нь?

-Би чинь байнга л асаж, дүрэлзэж байдаг хүн шүү дээ. Хаана ч өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг. Дэврүүн хүсэлтэй, нэг л их ассан хүн. Тиймээс энэ алхмыг зоригтойгоор хийсэн байх гэж бодож байна.

-Киноныхоо "Амьдрал чамд хайртай" дууг та өөрөө дуулсан байсан шүү дээ. Хүмүүс ч сайхан аялгуутай, сайхан үгтэй дуу байна гэсэн сэтгэгдлийг их үлдээсэн байна лээ?

-Зураг авалт дууссаны дараа зургийн багийнхан маань бүгд уулзацгаасан юм. Тэгтэл кино багийнхан маань надад "Бид нэгэнт чамайг онцолж, энэ уран бүтээлдээ урьж оролцуулсан учраас киноныхоо дууг чамаар дуулуулах хүсэлтэй байна" гэсэн.

Үнэнийг хэлэхэд би нэгэнт л энэ киноны эд эс нь болчихсон учраас киноныхоо дууг илүү дотортой, илүү ойлгож, чин сэтгэлээсээ дуулах байх гэж бодож байсан. Тиймээс дахин хүсэлтийг нь хүлээн авч "энэ дууг амьдруулж чадна" гэх бодлоор дуугаа дуулсан. Дээр нь ямар ч киноны дуу гэдэг бол тухайн киноныхоо амин зүрх болох нь чухал шүү дээ.

Яг дуугаа бичүүлж байхад кино маань нүдэнд харагдаад, сэтгэл нэг л гунигтай байгаад болдоггүй. Дуучид аливаа нэг дууг дуулахдаа нэг л өөр, цаанаасаа аз жаргалтай байдаг шүү дээ. Гэтэл киногоо бүрэн мэдэрч байгаа болоод ч тэр үү нэг л гунигтай, эр хүн гэдэг ийм л байх ёстой гэдэг мэдрэмжийг шингээж дуулсан байх.

-Үнэхээр зохиолоо, утга агуулгаа бүрэн мэдэж байгаа болохоор чин сэтгэлээсээ дуулсан байх л даа?

-Тийм шүү. Одоо ч гэсэн дуу маань чихэнд сонсогдоод, аманд аялагдаад нэг л сэтгэлээс гарахгүй байгаа. Мөн би энэ уран бүтээлдээ их ач холбогдол өгч сэтгэл зүрхээ зориулсан.

-Одоогоор киног нь үзээгүй олон хүн байгаа шүү дээ. Хэрэв нууц биш бол өөрийнхөө дүрийг бага ч болов тодотгож өгөхгүй юу?

-Миний дүр бол гол дүрийн залуугийн нэг ангийн хүүхэд. Багаасаа түүнд хайртай байсан, одоо ч гэсэн хайрласаар байгаа нэгэн бүсгүйн дүр. Хайртай хүнийхээ хэцүү цаг үед нь хань болчих юмсан гэсэн чин хүсэлтэй эмэгтэйн дүр л дээ.

-Киноны утга санаа хүний амьдралын мөн чанарыг тодоос тод тусгасан бололтой?

-Тийм шүү. Хүн гэдэг амьтан алдаж яваад ухаарсан үедээ үр хүүхэд, хань ижил, эцэг эхээ ямар чухал вэ гэдгээ мэдэрдэг. Хүн гэдэг амьтан нэг л амьдарна шүү дээ. Дараа төрөлдөө алдаагаа засах боломжгүй. Бас хүн хэзээ яаж амьдрахаа мэдэхгүй, хэзээ бурхан болохоо мэдэхгүй. Тиймээс энэ л амьдралдаа хүнлэг энэрэнгүй байж, бусдад тусч, зөөлөн хандах хэрэгтэй. Хэн нэгэнд хатуу үг хэлж, муу үйл хийх ёсгүй. Эцэст нь бидний үр хүүхэд л үргэлжлүүлэн амьдрах учраас бид л зөв амьдарч, зөв явах хэрэгтэй. Үйлийн үр гэж байдаг гэдэгт итгэдэг болохоор би өөрөө өөр хэн нэгнийг хайрлаж, энэрч, хэцүү үед нь тусалж байж энэ хорвоогоос буцах юм сан гэж боддог.

-Жүжигчин Л.Сөрөлттэй хамтран дуулах дараагийн уран бүтээл удахгүй гарна гэх шуум сонссон?

-Л.Сөрөлттэйгөө дуулж эхэлснээс хойш 10 жил өнгөрсөн байна. 10 жилийнхээ ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд ч их байна. Тухайлбал, ирэх есдүгээр сард бид хоёр үзэгч, сонсогчдодоо бэлэг барьж, 10 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Бас тун удахгүй "Баярлалаа" гэдэг уран бүтээл маань үзэгчдийн хүртээл болно.

Мөн дээр нь энэ хугацаанд их ч зүйл өөрчлөгдөж, их ч сайхан зүйл тохиолдсон байна. Яах аргагүй ард түмний маань хайр энэрэл, буян заяа түшиж байгаа болохоор уран бүтээлчид бид сайн сайхан явж байна. Тийм ч учраас ард түмэндээ талархаж энэхүү тоглолтоо хийх гэж байгаа.

-Уран бүтээлийн яриагаа энэ хүрээд түр өндөрлөе. Саяхан цахим орчинд сүй тавьж буй бичлэгээ нийтэлсэн байсан. Бүсгүй хүний хамгийн сайхан мөчүүдийн нэг шүү дээ?

-Яг өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр маань миний хань надад сүйн бөгж өгч, гэрлэх санал тавьсан юм. Миний хайртай, дотнын хүмүүс маань бүгд хуйвалдаад ирчихсэн байсан. Тэгээд л надад тэр гэнэтийн бэлгийг барьсан юм.

Хүний амьдрал тэр дундаа эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин мөч бол гэрлэх санал авах, хуримаа хийх, анхны хүүхдээ өлгийдөж авах зэрэг байдаг шүү дээ. Яг үүний адил амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэгийг хүртсэндээ туйлын баяртай байгаа. Хүнийг жаргал, зовлонгоо нууж бай гэдэг ч хүн гэдэг амьтан жаргалтай мөчөө бусадтай хуваалцаж, хэн нэгэнд үлгэр дуурайлал болох ёстой гэж бид боддог. Магадгүй залуу хосууд маань бидний бичлэгийг үзээд хайртай хүндээ сүй тавиасай гэж хүссэндээ тэр бичлэгээ нууж байгаад саяхан задалсан. Олон ч хүн аз жаргал хүссэн байна лээ.

-Сандарсандаа бөгжөө хайрцагтай нь авах гэж байсан гэсэн?

-Тийм шүү. Сандарсандаа хайрцагтай нь авах гэж байсан гээд нөхөр маань шоолдог юм. Үнэхээр л сайхан мөч байсан.

-Өнгөрсөн жил хоёулаа ярилцаж байхад яг "Мартын 8" таарч байсан юм байна. Тухайн үед ярих ёстой сэдэв яах аргагүй ээж тань байсан учраас аавыгаа дурсалгүй өнгөрсөн шүү дээ. Харин яг одоо аавынхаа тухай ярих нь зүйн хэрэг байх?

-Энэ жил дахин сэтгэлээ уудлаад сууж байгаадаа баяртай байна. Аав минь жирийн л нэг хүн байсан. Монгол гэрийн унь, хана, авдар, ширээ гээд юу л байна тэр болгоныг хээлдэг тийм сайхан уран хүн байлаа. Хөвсгөл аймгийн Тариалан сумынхан аавыг минь андахгүй.

Одоо ингээд бодохоор жаахан харамсдаг л юм. Аавын минь найз нөхөд сайхан явж байгааг харахаар аавыгаа хажууд минь байсан ч болоосой гээд жаахан эмзэглэдэг юм. Миний аав 2014 онд 66 насандаа бурхан болсон. Аль хэдийнээ 10 жил өнгөрсөн байна.

Би аавыгаа бурхан болохоос нь өмнө ганц л удаа баярлуулсан. Тэр нь юу вэ гэхээр, 2013 онд аавыгаа хорт хавдартай гэдгийг мэдээд аавдаа зориулж тоглолтоо хийхээр шийдсэн. Түүнээс өмнө уран бүтээлийн тоглолт хийх болоогүй гэж бодож байсан ч тэр хэцүү мэдээг сонсоод тоглолтынхоо бэлтгэлд ханцуйгаа шамлан орсон доо. Яг тоглолтын үеэр аавын минь бие тун тааруу байсан ч охиноо үзэх гээд Бөхийн өргөөний индэр дээр суугаад бүтэн 2 цаг миний тоглолтыг үзээд гарсан.

Би аавдаа тэр тоглолтоороо дамжуулаад "Охин нь ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн ийм сайхан дуучин болсон шүү. Та минь бурхны орныг зорихдоо охиндоо битгий санаа зовоорой" гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Түүнээс нэг ч их удалгүй аав маань бурхан болсон. Хэрвээ би тухайн үед тоглолтоо хийж чадаагүй байсан бол их харамсаж явах байсан гэж боддог юм.

Аавын минь хээлээд үлдээсэн унь, авдар гэх мэт зүйлүүд нь айлуудад байж байдаг. Тэр нь надад маш сайхан санагддаг. Тиймээс аавыгаа эргээд дурсахдаа "Миний аав чинь олонтой хүн байжээ, миний аав чинь олон айлд аз жаргал бэлэглэж дээ" гээд л боддог юм.

Бас аав минь намайг өшөө илүү амжилтад хүрэхийг харсан бол... Харамсалтай нь хүн болгон мөнх биш. Магадгүй тэнгэрээс охиноо хараад ивээгээд байж байгаа байх гэдэгт итгэдэг дээ. Би ер нь их сүсэг бишрэлтэй хүн шүү дээ. Тийм ч учраас бүх зүйлийг утга учиртай, өөрийн гэсэн амин сүнстэй гэж итгэж явдаг.

-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн мөчийг өөрт тань үлдээе?

-Ubn.mn сайтын хамт олондоо маш их баярлалаа. Миний тоглосон "Амьдралын зөрлөг" киног үзэхийг хүсвэл DDish, Univision, Look TV-ээс үзээрэй. Алдаа дутагдал их байж мэдэх юм. Гэхдээ үнэхээр их хичээсэн тул та бүхэнд таалагдах байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Пүрэвдорж: Тэтгэвэр 500 мянган төгрөг болоход гурилын үнэ 50 мянган төгрөг байсан
Б.Пүрэвдорж: Тэтгэвэр 500 мянган төгрөг болоход гурилын үнэ 50 мянган төгрөг байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.