Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн төсвийн тодотголоор Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас-Их монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх юм. Тэрчлэн сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ. Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн “Алтай” хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдах бусад асуудлыг НИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23-нд буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм. Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулж, эцэслэн батална.

Их мастер Ү.Үүрийнтуяа өсвөрийн УАШТ-д 10 удаа буюу хамгийн олон удаа түрүүлжээ
Их мастер Ү.Үүрийнтуяа өсвөрийн УАШТ-д 10 удаа буюу хамгийн олон удаа түрүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.