Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: МУ-ын төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 26 секунд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.22) 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Төсвийн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэвлэлийн бага хуралд оролцож буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагаа, төсвийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлаас анх удаагаа томилогдож, байнгын орон тооны бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ тэр дундаа Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн жил төсвийн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан байна.

Тус зөвлөл нь Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарын долоон гишүүнтэй бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан. Мөн тэрбээр, зөвлөл нь жил бүр УИХ-аар хэлэлцэн, батлагддаг дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл, болон Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн төсөөлөл, таамаглалыг бодит тооцоо судалгаа, нотолгоон дээр суурилж хийхээр хуульчилсан. Мөн тус зөвлөл үйл ажиллагааныхаа хүрээнд төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд дүн шинжилгээ хийж, цаашлаад төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд танилцуулдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж, ил тод байдлыг хангах үүрэгтэй ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа, дутагдлыг засаж, залруулах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг 03 дугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой бадйлын зөвлөл нь төслийг үзэж нягтлаад Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх асуудлууд дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа 03 дугаар сарын 30-нд хэвлэл мэдээлэлд мэдээлэхээр болсон. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд 03 дугаар сарын 15-наас эхлээд цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүх мэдээллүүдийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллүүдийг олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Монгол Улсын төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад 9 дүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэл төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 09 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулахаар болсон. Харин төрийн аудитын байгууллага 09 дүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллуугадад мэдээлэхээр болсон. Энэ нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгасан. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан, дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд Улсын Их Хурал аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн онцлон тэмдэглэсэн юм.

Н.Сугар: Автобусны ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Ослын улмаас 2 хүний амь нас эрсэдсэн
Н.Сугар: Автобусны ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Ослын улмаас 2 хүний амь нас эрсэдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.