Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: Бүх юм болохгүй байгаа юм шиг санагдаж, асар их стресстээд байвал та сэтгэцийн хувьд цоо эрүүл биш байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 50 секунд

Гэрээсээ гарч тав алхахдаа, хальтиргаа, гулгаа, автобусны хүлээгдэл, хүртээмж, автозамын түгжрэл, зогсоолгүйн зовлон гээд өглөөнөөс эхлэн зогсолтгүй стресстдэг хүмүүс бол МОНГОЛЧУУД. Тэр ч утгаараа СТРЕСС гэх нэр томъёо нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Учир нь улсын нийслэл Улаанбаатар хотод шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Утаа, хөрс, агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл ядуурал, дуу чимээ, хог хаягдал, эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хот төлөвлөлт гээд иргэдийг стресс бухимдлын туйлд хүргэх түмэн шалтгаан байгаа нь нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай тулгарч байгаагийн үндсэн шалтгаан.

Хэрэв танд бүх зүйл хэцүү, төвөгтэй санагдаж, ялихгүй зүйлс уур бухимдлыг тань төрүүлж байгаа бол дараах ярианд анхаарлаа хандуулаарай. Бид танд тулгамдаж байгаа асуудлаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс нийгмийн бухимдлаас болж маш их стресстэх болсон. Гэрээсээ гараад л бүх зүйлд стресстэж байна. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйл рүүгээ огт менежмент хийхгүй яваад байгаа нь ийм их стресс бухимдлыг бий болгоод байгаа юм. Би гэрээсээ гараад л стресстээд байгаа хүмүүст өөрсдөд нь асуудал байна гэж боддог. Түгжрэл, утаа гээд болохгүй байгаа асуудлууд олон байна. Энэ болгонд стресстээд бие сэтгэлээрээ туулаад явах юм бол эрүүл, сэтгэл тайван амьдрахад хэцүү. Бүх юм болохгүй байгаа юм шиг санагдаад асар их стресстээд байвал та сэтгэцийн хувьд цоо эрүүл биш байна. Энэ асуудлыг зөв зохистой шийдвэрлэхгүй бол та сэтгэцийн эмгэг гэдэг зүйл рүү явж байна гэсэн үг. Яаралтай тусламж үйлчилгээ авахгүй бол маш олон эрсдлийг дагуулна шүү гэж хэлмээр байна.

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ би хүмүүс стресстэй байгааг анзаардаг. Дохиогоо өгөөд нэг машин хүлээгээд л орчих юман дээр юунд яараад байгаа нь мэдэгдэхгүй стресстээд байдаг. Энэ бол цаанаа асар их тулгамдсан асуудалтай байна гэсэн үг. Энэ бол эрүүл, эмгэгийн зааг. Энэ чигээрээ явах юм бол цаашдаа эрсдэл их байна шүү гэсэн дохио.

-Тухайлбал ямар эрсдлүүд тулгарч болох вэ?

-Эх, зах нь мэдэгдэхгүй байгаа энэ их стресс энгийн зүйлд ч өдөөгдөнө. Зүгээр чамруу хараад юм ярьж байгаа хүн муухай харж байгаа юм шиг санагдана. Бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ бүхэн удаан хугацаанд үргэлжлэхээр ажлын бүтээмжид нөлөөлж, нэг л мэдэхэд ажлаасаа гарах дээрээ тулчихсан байдаг. Цаашлаад гэр бүлийн харилцаанд хүртэл нөлөөлж, салж сарних, үр хүүхэд өнчрөх тухай асуудал яригдаж эхэлдэг.

-Эдгээр хүмүүст хандаж та юуг зөвлөх вэ?

-Ийм асуудалд хүртэл нь ажлаасаа гарч, гэр бүл салах дээрээ тултал нь битгий яваач ээ л гэж хэлмээр байна. Хүн бүрд өөрт нь нэг тийм зурвас мэдрэмж төрдөг. Эхлээд бол тухайн хүн ойлгодоггүй. Хүмүүс өөрт нь хэлж эхэлдэг. "Чиний царай зүс нэг л биш ээ. Бие нь гайгүй юу. Сэтгэл санаа нь яаж байна" гээд хэлдэг ч сэтгэлзүйн асуудалтай болсон хүн гадагшаа гаргахгүй нуучихдаг. "Би зүгээр ээ" гэж наанаа хүчээр инээгээд байдаг ч цаад мэдрэмж нь маш хэцүү байдаг. Гэхдээ хүний худлаа инээж явах нь хугацаатай. Сэтгэл санаагаар унаж, гутарсан байдал 14 хоног ба түүнээс дээш хугацаанд үргэлжлэхээр УЛААН ГЭРЭЛ асдаг. Гэтэл хүмүүс 6 сар, нэг жил, гурван жил, таван жил явчихсан байдаг. Энэ их стресс бухимдлыг зөв зүйтээ аргаар тайлахын тулд юу хийж болох юм бэ гэдэг хамгийн эхний юм бол амьсгалын дасгал. Та яг одоо ч хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй арга. Үүнээс гадна амьдралынхаа хэлшил болгох ёстой зүйлүүд ч олон байгаа. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгож, амралтын өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ хамт салхинд гарч, ууланд алхах, чаргаар гулгах, аялах гэх мэт стресс бухимдлаа тайлах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.

-Таны ярихыг сонсохоор нээрээ тэгж болох юм байна гэж бодогдож байгаа ч яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр ажил ихтэй, завгүй, ядраад байна гэсэн нөхцөл байдалтай нүүр тулаад амралтын өдрүүд өнгөрдөг шүү дээ?

-Хүмүүс залуу хүн завгүй байх ёстой гээд бүх юм нь ажил болоод ирэхээр асуудал үүсч эхэлдэг. Хүний амьдрал чинь гэр бүл, эрүүл мэнд, ажил мэргэжил, найз нөхөд гээд олон юмнаас бүрддэг. Гэтэл эдгээрээс зөвхөн ажлыг нэгдүгээрт тавиад эхлэхээр л асуудал үүсч эхэлдэг. Хүүхдүүдээ унтаж байхад ороод л унтаж байхад нь гараад явж байгаа бол яг юуны төлөө яваад байгаа юм бэ гэдгээ хүн бодох хэрэгтэй. Эцэст нь эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлээрээ төлөөсийг нь төлөх хэрэгтэй болно гэдгээ эртхэн л ухаарах ёстой болчхоод байгаа юм.

-Бид юуг амьдралдаа хэвшил болговол стрессгүй амьдарч болох вэ. Ер нь тийм боломж бий юу?

-Маш энгийн зүйлийг хэрэгжүүлчихэд л манай эмнэлэг рүү очиж хэдэн зуугаараа дугаарлахгүй болно. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөө шөнийн нойр намайг гүйцэт амраах үүрэгтэй. Өнөөдрийн миний идсэн хоол миний илчлэгийг зөв зохистой тэнцвэртэй байдлаар нөхөөд өгөх ёстой. Өнөөдрийн стресс менежмент гэдэг зүйл надад тулгамдсан асуудлыг шийдэж, намайг сайхан тайван унтуулах учиртай гэдгийг ухаарах нь чухал. Хүн өдөр бүр ямар нэг зүйлээс стресс авч байдаг. Ямар ч стрессгүй амьдрал гэж байхгүй. Гэхдээ бүх зүйлд байнга стресстээд байна гэдэг чинь хэвийн зүйл биш. Та өөрчилж чадахгүй байгаа зүйлдээ стресстээд ер нь дэмий дээ л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

М.Оюунчимэг: Иргэдэд 1072 хувьцааг нь олгох гэхээр “Өрөө дарж байж болъё“ гээд элдвийн юм ярихаасаа зарим хүмүүс ичих хэрэгтэй
М.Оюунчимэг: Иргэдэд 1072 хувьцааг нь олгох гэхээр “Өрөө дарж байж болъё“ гээд элдвийн юм ярихаасаа зарим хүмүүс ичих хэрэгтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.