Зургийн эх сурвалж: Унгар дахь Монгол оюутны холбоо
Ковид-19 дэлхийн улс орнуудын аялал жуулчлал, баяр ёслол гэх зэрэг зүйлсд хүчтэй нөлөөлж байгаа билээ. Гэвч үүнээс илүүтэйгээр эх орондоо буцаж очиж чадалгүй гадаадад гацсан иргэдэд илүү их асуудал тулгарч байна. Эх орондоо ‘хаягдсан’ Хятад оюутнууд, Монгол жуулчид, Газын зурвас дахь Палестинчууд энэ талаар The Guardian сонинд яриа хийсэн байна.
- Монгол иргэд -
Европт гацсан мянга, мянга хүмүүсийн нэг бол Пүүжээ. 26 настай тэрээр энэ хавар Будапешт дахь хичээлээ дуусгаад Улаанбаатартаа очиж ажиллах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч гуравдугаар сарын дунд үе гэхэд улсынхаа хилийг бүрэн хаасан байсан Монгол улс өдийг хүртэл өөрсдийн иргэдээ татаж аваагүй байгаа юм. Монголчуудын хувьд гэрлүүгээ харих нь хамгийн том асуудал болж байна. Франкфурт болон Истанбулд сард ганцхан удаа ирдэг тусгай үүргийн нислэг л гэртээ харих цор ганц боломж. Гэвч тасалбар нь маш үнэтэй, эх орондоо очсоныхоо дараа 21 хоногийн тусгарлаалтад мөн л их хэмжээний мөнгө төлдөг. Пүүжээгийн цорын ганц хүсч байгаа зүйл нь гэртээ л харих юм. Тэрээр Будапештд хагас цагаар зөөгч хийдэг байсан ч халагдаж, их сургуулийн тэтгэлэг дуусч, визний хугацаа нь ч мөн дуусах гэж байгаа учир түүнд амьдрах газар ч олдохоо больж байгаа юм. Мөн түүнийг метронд явж байхад Ази төрхтэй учир коронавирус тараагч хэмээн нэгэн эмэгтэйд доромжлуулж, шүхрээр зодуулсан талаараа ярьжээ.
Нэг удаагийн нислэгт олон мянгаараа бүртгүүлдэг ч дийлэнх нь багтаж чадалгүй үлдэж, засгийн газарт танилтай хүмүүс л дараалалгүй үйлчлүүлж байна хэмээн цуу яриа гарсан. Энэ талаар Монгол Улсын Гадаад Явдлын Яаманд хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй ажээ.
“Сард хоёрхон удаа ирдэг тусгай үүргийн нислэгт багтахын тулд Европт байгаа 2500 иргэд хэр удаан хүлээх ёстой юм бэ?” хэмээн Унгар улсын Печ хотод гацсан Оюунаа хэлсэн байна. Тэрээр энэхүү асуудлуудаа илэхийлэхийн тулд Европт гацсан Монголчууд хэмээх Фейсбүүк групп нээсэн ажээ. Үүнд мөнгөгүй болж эхэлсэн оюутнууд, аялалаар явж байгаад буцах нислэгээ цуцлуулсан жуулчид багтаж байгаа юм.
- Хятад оюутнууд -
Гадаадад сурдаг Хятад оюутнуудад ч мөн энэ асуудал тулгарч байгаа аж. Ухань хотод өвчин дэлгэрэх үеэр онц байдал зарлаж нислэгийн хатуу хязгаарлалт хийсэн анхны улс бол БНХАУ юм. Хэдийгээр одоо тэдгээр нислэгийн хязгаарлалт багассан ч нислэгийн тасалбарын үнэ хэд дахин өсч, онгоц хөөрөхөөс хэдхэн минутын өмнө цуцлагдах боломжтой байгаа нь олны дургуйцлыг хүргэж байгаа хэмээсэн байна.
Гацсан оюутнуудын эцэг эх нар Хятадын дипломатчидаас тусламж хүссэн ил захидлууд явуулж, интернэт хэрэглэгчид ч олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Энэ талаар АНУ дахь Хятадын элчин сайдын мэдээлснээр дөрөвдүгээр сарын 11-нээс зургадугаар сарын 5-ны хооронд 7000 оюутнуудыг чартерийн нислэгээр эх оронд нь аваачаад байна. Мөн үүнийгээ ч үргэлжлүүлэх болно гэсэн байна.
- Газын зурвас дахь Палестинчууд -
Израйль-Египетийн хоригт хангалттай шийтгүүлж байсан Газад амьдарч буй Палестинчуудад коронавирусний тахал нөхцөл байдлыг нь улам хүндрүүлжээ. Тус газарт гэр бүл амьдарч буй Гиша хэлэхдээ Газын зурвас нэвтрэх болон эндээс гарах хүмүүсийн тоо хоёрдугаар сараас хойш 98%-иар буурсан бөгөөд зургадугаар сар гэхэд 218 Палестинчууд л эндээс гарч чадсан гэжээ. Гиша 32 настай бөгөөд дөрөвдүгээр сард эмчилгээний улмаас 4 хүүхдээ үлдээн Газа-гаас гарсан ч одоо хүртэл гэртээ харьж чадаагүй байгаа юм. Хоёр ч удаа орохыг хичээгээд буцсан тэрээр “Би Газад хайртай биш, би зүгээр л тэнд байгаа нөхөр, хүүхдүүддээ хайртай. Тиймээс л би буцмаар байна.” гэжээ.
Эх сурвалж: The Guardian