Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж буй. Тэгвэл энэ хүрээнд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч Б.Тамир "Хүүхдийн тохойн үений мултрал үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд"-ын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Хүүхдийн тохой мултрал 0-6 насанд ихэвчлэн тохиолддог. Учир нь хүүхдийн шуу яс бүрэн хөгжөөгүй байдаг учраас амархан гэмтэх эрсдэлтэй. Жишээлбэл, хүүхдийг гараас нь татах, угзрах, шатаар өргөж явах зэрэг үед тохой мултардаг. Тиймээс бага насны хүүхдийн гараас хөтлөх, өргөх, угзрах, татах үйлдэл хийхдээ гэмтэж бэртэхээс сэргийлэн, анхаарал болгоомжтой хандахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна" гэлээ.