ОХУ-ын Засгийн газраас дотоодын шатахууны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн тул автобензин болон дизель түлшний экспортоо түр хугацаанд хориглох шийдвэр гаргажээ. Үүнд манайхаас гадна тус улсаас түлш, шатахуунаа экспортолдог орнууд багтаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй юм.
Уг асуудлыг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгч байгаа юм. Хэдийгээр ОХУ-аас хийх экспорт түр хугацаанд зогссон ч манай улсын автобензин, дизель түлшний нөөц хангалттай байгаа гэдэг мэдээллийг мөн албаныхан өгч байна. Маргааш түлш, шатахууны нөөц болон үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.
Тиймээс иргэд та бүхэн шатахуун түгээх станцуудад дараалал үүсгэж, хиймэл хомсдол үүсгэхгүй байх нь зүйтэй юм. Эдгээр нөөцийг хэвийн хэмжээний хэрэглээнд тооцож гаргадаг бөгөөд хэрвээ иргэд, олон нийт хиймэл хомсдол үүсгэж их хэмжээгээр шатахуун нөөцөлж эхэлбэл уг нөөцийн хэмжээ өөрчлөгдөх магадлалтай.
Дашрамд сануулахад, энэ сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэ үеэр парламент хоорондын хэлэлцээр болон ЗГ-ын түвшинд шатахууны экспорттой холбоотой асуудлыг хоёр талаас нухацтай хэлэлцэх боломжтой гэж таамаглаж байна.
Ямартаа ч нөхцөл байдал тодорхой болтол иргэд, олон нийтийг шатахуун түгээх станцуудад дараалал үүсгэж хиймэл хомсдол үүсгэхгүй байхыг дахин уриалж байна.