Шүүх дээр хэлэлцэгдэж байгаа “Нүүрсний хулгайн” хэргийн анхаарал татахуйц нэг өнцөг нь УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэрэг юм. Хуулийн байгууллагаас “гэмт бүлэглэл байгуулах” гэх зүйл ангиар яллагдагчаар татагдаж, шүүгдэх гэж буй Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн талаар эх сурвалжийн өгсөн зарим мэдээллийг хуваалцаж байна.
Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар өөрсдийгөө хальт найзалж байсан гэж тайлбарласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн даргаар Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг хальт найзлаад өнгөрсөн гэж хэлэхээргүй баримтууд “нүүрсний” гэх хэрэгт авагджээ.
Тодруулбал, Б.Ганхуягийн дотны найз Т.Аюурсайхан нүүрсний хулгайд мөн адил гүн гүнзгий хутгалдсан гэх асуудлуудын араас хуулийнхан оржээ. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан нь хууль бусаар олсон мөнгөөрөө Сөүл роял коунти хотхонд байр, Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Төв аймгийн сэргэлэн сум, Сонгинохайрхан дүүрэгт тус тус газар авч, тансаг зэрэглэлийн зүчээ барьжээ.
Мөн Т.Аюурсайхан нь өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Отгонжаргалыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн даргаар, туслах ажиллаж байсан И.Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар тус тус томилуулсан байдаг. Тэгвэл Б.Отгонжаргал нь И.Даваадоржтой үгсэн хуйвалдаж, ажилчдын хотхон барих тендерийн ажлыг Лаки лайф ХХК-д олгож, хахууль авсан зэрэг хэргүүдэд шалгагдаж байгаа ажээ.