Та ч, би ч бид бүгд л ээжээс ургасан. Ээж л байхад энэ дэлхий бүхлээрээ гэрэлтэй атлаа ээж үгүйд яг л харанхуй шөнө мэт хар бараан болчихдогсон. Яг л энэ бодлыг "Аримун" продакшны ХОЁР ГАНАА хоёр дахь "ХҮҮХДЭЭРЭЭ" илэрхийлэх шиг болов.
"Хүний ээж" МУСК хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, анхны үзэгчдээ хүлээн авсныг хүн бүр мэдэж буй. Үзэгч болгонд улаан өнгийн даавуу атгуулан, үзвэрийн танхимд оруулахтай зэрэгцэн бүгд тэрхүү даавууг хэрхэхээ мэдэхгүй гартаа атгасаар. Төд удалгүй улаан даавууг хэрхэн ашиглахыг заахад зааланд буй хүн бүр нүдээ хаав.
Бид нүдээ анихад багахан гэрэл мэдрэгддэг ч нүдээ боох төдийд тас харанхуй бүрхдэг аж. Хоромхон зуурт мэдрэх тэр түнэр харанхуйг өдөр бүр мэдэрдэг хүмүүс бидний дунд цөөнгүй бий. Магад тэдгээр хүмүүсийн ертөнцтэй хэсэгхэн зуур танилцах боломжийг кино багийнхан олгосон нь энэ байх. Тэр ч утгаараа киноны гол хэлэх гэсэн санаа "Хараагүй иргэдийнхээ өмнөөс чанга дуугарах" байсан гэхэд хилсдэхгүй.
Заримдаа харахгүй байх нь бага ч гэсэн амар амгаланг мэдрүүлнэ. Бид хардаг учраас л хамгийн ихээр шархалдаг байх
Киноны гол дүр болох "Гэрэл" гурван настайдаа хараагаа алдаж, асрамжийн газарт хүргэгдсэн охин юм. Учир нь түүний ээж охиндоо тоглоом авч ирж өгнө хэмээн хуураад өвлийн хүйтэнд, хүнгүй гудамжид ганцааранг нь орхин оджээ. Охин гуравхан настай байсан ч ээжийнхээ дүрийг тодоос тод санадаг бөгөөд үнэрийг нь хүртэл мартаагүй аж. Магад киноны бас нэгэн утга нь охины хэлсэн "Хараагүй байх нь заримдаа амар байдаг юм" хэмээх үгээр илэрч буй байж болох. Учир нь охин хараагаа алдахдаа хамгийн сүүлд ээжийнхээ дүрийг харсан нь охины сэтгэлийг эмзэглүүлдэг аж. Түүгээр ч зогсохгүй хараагүй хүмүүсийн сэтгэлд гуниг нэмэхгүй байя гэсэн зохиолчийн сэтгэл ч байж мэдэх.
Тэнгэр цэнхэр биш ногоон өнгөтэй, газар ногоон биш ягаан өнгөтэй
Мөн уг кино дан ганц "Гэрэл" охины тухай өгүүлэхгүй. Энэ орчлонд буй олон олон өнгийг ч бас давхар харуулна. Бүр хараагүй хүмүүс сэтгэл дотроо бүгдийг өөрсдийн сэтгэхгүйгээр төсөөлж болдог гэдгийг харуулсан аж. Энэ илэрхийллийг "Тэнгэр ногоон өнгөтэй, газар ягаан өнгөтэй, мод цагаан өнгөтэй" гэх хэдхэн мөртөөр маш энгийнээр илэрхийлжээ.
Бурхан дүрстэй буг чөтгөр хорвоо дээр олон бий
Зарим хүмүүс бидэнд бурхан мэт харагдах авч угтаа буг чөтгөр байх нь бий. Тийм ч учраас уг кино нийгэмд буй олон чөтгөрөөс өөрсдийгөө хамгаалахыг сануулж, бас гэнэт итгэмтгий занд ч хэмжээ хязгаар байх ёстойг сануулсан мэт. Түүгээр ч үл барав ээж хүнээс ч гэсэн бурхан, чөтгөрийн аль нь ч гарч ирж болохыг харуулсан нь өөр нэгэн өвөрмөц шийдэл аж.
Хүний эрхийн мэдрэмж гэхээс илүү мэдрэмжтэй байхыг сануулах кино
Киноны утга агуулга хараагүй хүмүүсийг тодотгож байгаа мэт боловч бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч мартаагүй. Тэдний хэлэх гэсэн үг, хийх гэсэн үйлдлийг ч зоригтойгоор илэрхийлжээ. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр, ялангуяа ээж нарт тулгардаг бүхий л бэрхшээлийг хүмүүст хүргэхийг зорьсон аж. Магад үүнийг мэдэрсэн хүмүүс тэднийг ойлгож, хүндэтгэх хэрэгтэйг сануулсан мэт.
Бас кинонд "Хараагүй хүмүүс таягаа өргөсөн байвал түүнд тусламж хэрэгтэй болжээ" гэх бусдын төдийлөн сайн мэддэггүй үйлдлийг шигтгэж өгсөн нь хамгийн их сэтгэлд хүрэв.
Миний ээж, ХҮНИЙ ЭЭЖ байв
Ээж нар бүгд л үр хүүхэддээ гайхамшиг нь байдаг. Гэхдээ заримдаа миний ээж хүний ээж ч юм шиг санагддаг. Яг энэ утгыг зөвхөн кино үзсэн хүмүүс л ойлгох аж. Тийм учраас "Хүний ээж" киног үз гэж санал болгохгүй ч үнэлэлт дүгнэлтийг нь танд үлдээх нь зүйн хэрэг. Та энэ киноноос юуг мэдэрмээр байна, юуг хармаар байна, яаж төгсгөмөөр байна бүгд таны эрх. Гэхдээ төгсгөлд нь гэж хэлэхэд "Өөрөөсөө ч нуусан үнэн тань илрэхэд та яах вэ" гэх асуултыг танд үлдээе.