АН-ын дарга Л.Гантөмөр, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, мөн бусад дэд дарга нарын хамт мэдээлэл хийлээ. АН-ын дарга Л.Гантөмөр "АН Улстөрийн зөвлөлөө байгуулсан. Улстөрийн зөвлөлд 22 хүний нэрийг дэвшүүлж, ҮБХ-ноос баталсан.
Үндсэн дүрмийн хороо бас шинэчлэгдсэн. Мөн Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг шинэчилсэн байгаа. Өнгөрсөн зунжингаа намын удирдлагууд намынхаа гишүүдийг саналыг сонсож явсан. Намын гишүүд "АН нэгдмэл байх шаардлагатай байна. АН нэгдмэл байсан цагт төрийн алдагдсан бодлогыг засах залруулах ажил ахицтай байна" гэсэн саналыг маш их тавьж байсан. Тиймээс бид АН-ыг яаж бүтэн байлгах вэ гэдэгт удирдлагууд санаагаа чилээсэн. Мөн намын гишүүд "АН цусаа сэлбэх ёстой. Удирдлагын түвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлагатай. Ардчиллыг хамгаалдаг залгамж халаагаа бойжуулах ёстой" гэх асуудлуудыг маш их ярьсан.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сонгуулийн компанит ажлыг удирдах чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ. Мөн Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж, явуулна. Намын дүрмээр Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдаж, даргална гэж байдаг. Гэхдээ дэг журмаа батлахдаа Улстөрийн зөвлөлийн хурлыг тэргүүн дэд дарга удирдана гэж намын даргын зүгээс санал оруулж байгаа. Мөн гадаад харилцаагаа хариуцаж ажиллана" гэлээ.