Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЯЦХАН ТӨГӨЛДӨР ХУУРЧИД: Төгөлдөр хуур тоглох нь хүнийг тэсвэр тэвчээртэй болгохоос гадна сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 43 секунд

Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, авьяастай байдаг. Магадгүй одоогоос 10 гаруй жилийн өмнө орон нутгийн хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх секц, дугуйлан цөөн байдаг байсан бол өнөөдөр тийм биш болжээ. Дуу, хөгжим, бүжиг, спорт гээд олон олон авьяаслаг хүүхдүүд орон нутгаас бэлтгэгдэж буй.

Түүний нэг бол Говь-Алтай аймгийн "Хан хуур" хөгжмийн сургалтын төвийн суралцагчид болох Г.Энхтэмүүлэн, Т.Төгөлдөр нар юм. Тэд төгөлдөр хуур гэх гайхамшигт хөгжмөөр хичээллээд удаагүй ч өөрсдийн гэсэн шинэхэн уран бүтээлүүдээ өлгийдөн авсан байна. Иймд бид эдгээр хүүхдүүдтэй хэсэг хором ярилцсан юм.

"Төгөлдөр хуурч" Г.Энхтэмүүлэн,

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ганбаатарын Энхтэмүүлэн гэдэг. Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн 11-р ангид сурдаг.

-Ямар хөгжим тоглодог вэ?

-Төгөлдөр хуур тоглодог.

-Хэзээнээс эхлэн төгөлдөр хуураар хичээллэх болов. Бас багшийгаа танилцуулах нь зүйн хэрэг?

-Ардын Дуу Бүжгийн Алтай Чуулгын дэргэдэх “Хан хуур” сургалтын төвд МУСТА хуучир хөгжимчин Р.Ариунаа, МУСТА эвэр бүрээ хөгжимчин О.Жанчивдорж багш нарынхаа удирдлаган дор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа.

-Саяхан шинэ уран бүтээлээ өлгийдөн авсан гэсэн шүү дээ. Уран бүтээлийнхээ тухай ярихгүй юу?

-Монгол түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн "Аяны шувууд" гэх сайхан уран бүтээл байдаг шүү дээ. Энэхүү уран бүтээлийг “Хан хуур” сургалтын төвийнхөө “Гэгээн мөрөөдөл-5” аялан тоглолтыг Ховд аймагт хийхдээ Ховд аймгийн хөгжимт драммын театрын дуучин МУСТА Батсэргэлэн ахтайгаа хамтарч анх тоглосон юм.

Үүний дараа багштайгаа ярилцаж дүрсжүүлэх санаагаа гаргасан. Анхны уран бүтээлийг минь Номин студийн захирал хөгжмийн зохиолч МУСТА Э.Хүрэлбаатар ах маань найруулж, дүрс эвлүүлгийг Р.Амарбаясгалан ах маань хийж багштайгаа хамтран тоглож хүүхэд насандаа тохиох ховор, нандин дурсамжийг бүтээлээ.

-Үе тэнгийнхээ найзуудад хандан хөгжмийн зэмсэг сурахын давуу талыг хэлж өгөөч?

-Хөгжим тоглосноор стресс тайлагдаж сэтгэл санаа тайван, тогтвортой, уян, зөөлөн болохоос гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг учраас үе тэнгийн найзууддаа хандан хөгжмөөр хичээллээрэй гэж хэлмээр байна.

-Удахгүй 12-р ангиа төгсөнө шүү дээ. Урлагаараа дагнан суралцъя гэж бодож байна уу?

-Урлагийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Надад олон зорилго бий. Хамгийн ойрын зорилго бол удахгүй бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Үүний дараа шинэ шинэ уран бүтээлдээ орно гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

"Төгөлдөр хуурч" Т.Төгөлдөр

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Тэгшжаргалын Төгөлдөр гэдэг. Говь-Алтай аймгийн IV сургуулийн 8а ангид сурдаг.

-Ямар хөгжим тоглодог вэ?

-Анх хоёрдугаар ангид байхдаа төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн

-Хэзээнээс эхлэн төгөлдөр хуураар хичээллэх болов. Бас багшийгаа танилцуулах нь зүйн хэрэг?

-Би Ардын Дуу Бүжгийн Алтай Чуулгын дэргэдэх “Хан хуур” сургалтын төвд хичээллэдэг. Багшийг маань Р.Ариунаа гэдэг. МУСТА хуучир хөгжимчин.

-Саяхан шинэ уран бүтээлээ өлгийдөн авсан гэсэн шүү дээ. Уран бүтээлийнхээ тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Энэ зун багшийнхаа санаачлагаар аймгийнхаа 100 жилийн ойд зориулан Сангидоржийн хөгжим "Зулай цагаан Алтай" бүтээлийг дүрсжүүлж тоглосон байгаа.

-Үе тэнгийнхээ найзуудад хандан хөгжмийн зэмсэг сурахын давуу талыг хэлж өгөөч?

-Хөгжим, тэр тусмаа төгөлдөр хуур хөгжимөөр хичээллэх нь баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг. Мөн тэсвэр тэвчээртэй болгодог, сууж сурдаг гэх мэт олон ач тустай байдаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Миний хувьд яг одоогоор урлагаар явах эсэхээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ хөгжимдөө маш их хайртай.

-Ярилцсанд баярлалаа.

Улсын шинэ гарьд Ц.Бямба-Отгоны цолыг Ланд-300 автомашин, дөрвөн өрөө байраар мялаажээ
Улсын шинэ гарьд Ц.Бямба-Отгоны цолыг Ланд-300 автомашин, дөрвөн өрөө байраар мялаажээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.