Нийслэл хотын иргэдийн төдийгүй эрх баригчдын хамгийн их айдаг зүйл бол "ТҮГЖРЭЛ". Учир нь нийслэлчүүд ямар нэг баяр ёслолын үеэр бас цаг агаарын нөхцөл байдлаас буюу цас, бороо орсон тохиолдолд зам дээр 0 зогсолт хийх ч тохиолдол гардаг. Тиймээс түгжрэлээс айдаг гэхэд хилсдэхгүй. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул хотын удирдлагууд ч 0 зогсолтоос сэргийлэн автомашины улсын дугаараар буюу тэгш, сондгойгоор тоогоор төгссөнөөр нь зорчуулж буй. Хэдийгээр нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч иргэд хүртээмж муу байгаа талаар санал бодлоо хуваалцаж байна.
Иймд Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа нийтийн тээврийн хүртээмж ямар байгаа талаар иргэдийн байр суурийг сонссоноос гадна нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хэчнээн автобус орж ирсэн талаар инфографик мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Өдөрт нийтийн тээврийн 117 чиглэлд нийт 995 автобус явж байна
Нийтийн тээврийн хүртээмж муу байгаад иргэд олон жил бухимдаж ирсэн. Өвөл нь халаалтгүй, зун нь агааржуулалтгүй үеэ өнгөрөөж, үйлдвэр нь хаагдсан автобусууд их байгаа талаар ч санал сэтгэгдлээ илэрхийлж ирсэн. Тиймдээ ч олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй нийтийн тээврийн салбар өнгөрсөн жилүүдээс эхлэн шинэ автобус оруулж ирж, хуучин автобусуудаа сэлгэх шинэ тэргүүдийг хүлээн авч эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нийт 117 чиглэлд 995 автобус нэг өдөрт үйлчилгээнд явж буй. Ойролцоогоор авч үзвэл нэг чиглэлд ойролцоогоор 7-8 автобус явж байна гэж үзэж болохоор. Түүнчлэн автобусыг 15-20 минут хүлээнэ хэмээдэг ч үнэн хэрэгтэй түүнээс ч урт хугацаанд хүлээх тохиолдол цөөнгүй бий. Харин одоогоор хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор иргэд нийтийн тээврийн хүртээмжийн асуудалд хэрхэн хандаж байгааг тодруулахад,
Нийтийн тээврийн автобусыг 5-20 минут хүлээж байна
Иргэн, "Миний хувьд автобусыг дунджаар 15-20 минут хүлээдэг байсан бол одоо таван минутын дотор л ирж байна. Би хувьдаа түгжрэл багассан гэж бодож байна" гэлээ.
Иргэн, "Манай гэр Гачууртад байдаг болохоор орой харихад л хүндрэлтэй байдаг. Өглөө яг цагтаа хөдөлгөөнд орж эхэлдэг мөртлөө орой эрт зогсдог. Бусдаар бол нийтийн тээврээр зорчиход асуудалгүй байдаг" гэв.
Иргэн, "Би хувийн унаатай учраас нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэг гардаггүй. Өнөөдөр машин явдаггүй өдөр учир алхаж байна. Гэхдээ нийтийн тээврээр зорчиход бохир санагддаг. Цэвэрхэн байх ёстой гэж боддог. Бас нийтийн тээвэр нэмэгдэж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа" хэмээв.
Иргэн, "Нийтийн тээвэр ихсээд илүү их түгжирдэг болсон. Мөн хорт утаа ихээр ялгаруулж агаарын бохирдол үүсгэх томоохон шалтгаан болж байгаа гэж боддог. Өвлийн улиралд ойролцоогоор 40 минутаас нэг цаг орчим хүлээдэг бол одоо харьцангуй багассан. Бараг л 10-20 минут хүлээж байна" гэсэн юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг зарцуулсан
2021 оны 12 дугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад НИТХ-аар 414 тэрбум төгрөг батлагдсан байдаг. Үүнээс нийт дөрвөн бүлэг, 12 багц нийтдээ 289 төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд 2022 оны гүйцэтгэлээр 269,9 тэрбум төгрөг буюу 270 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Тэгвэл Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг зарцуулсан талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлсэн юм.
Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2019 оноос хойш нийт хичнээн нийтийн тээврийн автобус орж ирсэн талаарх инфографикийг хүргэе.
2019-2023 онд нийт 415 автобус орж иржээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд жил бүр шинээр автобус авч ирж байгаа бөгөөд 2019-2023 оны байдлаар нийт 415 ширхэг автобус орж ирсэн байна. Энэ тоо цаашид нэмэгдэх бөгөөд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байдаг.
Есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийн автобус үйлчилж эхэлнэ
Сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сурагчдын аюулгүй тээвэрлэх хүрээнд нийт 75 автобусыг оруулж ирсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чиглэлийнхээ дагуу сурагчдад үйлчилж эхлэх юм.
Хоёр давхар 10 автобусыг парк шинэчлэлийн хүрээнд авч иржээ
Нийслэл хотын түгжрэлийг бууруулах мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 ширхэг хоёр давхар автобусыг авч ирсэн бөгөөд эдгээр автобус нь төв зам дагуу үйлчилгээнд явж буй.
284 ширхэг дизель хөдөлгүүртэй автобус орж ирсэн
Нийтийн тээвэрт зонхилон ашиглагддаг нийтийн тээврийн автобус бол дизель хөдөлгүүртэй автобус юм. Түүнчлэн 2022-2023 оны хооронд нийт 224 их багтаамжтай автобусыг оруулж ирэн үйлчилгээнд гаргасан байна.
Парк шинэчлэлийн хүрээнд 44 цахилгаан автобус иржээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 44 цахилгаан автобус орж ирж, үйлчилгээнд гарсан аж.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 810 автобус авч ирэхээр төлөвлөсөн бөгөөд он дуустал үргэлжлэх аж. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж тодорхой хувиар нэмэгдэхээс гадна түгжрэл ч тодорхой хувиар буурах юм. Тэгвэл Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирж буй автобусуудын тоон мэдээллийг өглөө. Тэрбээр,
Одоогоор нийт 35 цахилгаан автобус ирсэн бөгөөд есдүгээр сарын 01-нээс эхлэн үйлчилгээнд гарна
"Өнөөдрийн байдлаар цахилгаан автобус 35 ширхэг ирсэн байна. Одоогоор карт унших төхөөрөмж болон бусад бэлтгэл ажлуудыг хийж байна. Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд үйлчилгээнд гарахаар төлөвлөсөн.
Мөн "Daewoo" брэндийн 20 автобус орж ирсэн. Нэмээд 100 ширхэг автобус есдүгээр сарын 10-н гэхэд орж ирнэ. Эдгээр автобусыг үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Парк шинэчлэлийн автобусууд 2023 онд бүрэн дуусна. Он гараад 78 цахилгаан автобус орж ирнэ" гэв.
Түүнчлэн тэрбээр нийтийн тээврийн автобус шугамд гарахгүй байна гэх мэдээлэлд дараах хариултыг өгсөн юм. Тодруулбал,
Шугаманд гарахгүй байгаа автобусууд нь стандартын дагуу хадгалагдаж буй автобусууд юм
"Үйлчилгээнд гарахгүй байгаа автобусуудын хувьд аливаа ашиглагдаж байгаа техникүүдийн хувьд тодорхой хэмжээний бэлэн байдал хангасан бүрэлдэхүүн байдаг. Энэ нь 10-т нэг техник хадгалаатай байдаг. Үүнийг стандартаар баталсан байдаг бөгөөд тодорхой хэмжээний техник хадгалагдаж байна" хэмээсэн юм.
Нийтийн тээврийн 80 орчим хувьд парк шинэчлэл хийснээр үйлчлүүлэгчдийн тоо 10-20 хувиар нэмэгдэж, авто замын түгжрэл 10-15 хувиар буурна хэмээн өмнө нь тооцоолж байсан. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэж буй энэ үед мөн нэгдүгээр эгнээгээр автобусыг хөдөлгөөнд оролцуулснаар түгжрэл багасч иргэдийн автобус хүлээх хугацаа ч мөн тодорхой хэмжээгээр буурчээ. Түүнчлэн яг одоогийн байдлаар хичээлийн шинэ жилтэй холбогдуулан богино хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд энэ нь нийтийн тээврийн хүртээмжид төдийлөн нөлөөлөхгүй байгаан дээр түгжрэл ч тодорхой хувиар багассан талаар иргэд ярьж байлаа.