Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж эхэлсэн билээ. Үүний нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой компани болон тусгай сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж буй. Тэгвэл тусгай сангуудын мэдээллийг ил болгосноос хойш түр "завсарлага" аваад байсан тус мэдээллийн санд өчигдөр Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм.
Нээлттэй мэдээллийн сангаас харахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон түүний охин Б.Баярмаа, хүү Б.Батбаяр нарын нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Стадион Оргил-2 байршилд амины орон сууцны зориулалтаар 2018 оны 11 дүгээр сарын 30-нд архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдан гарчээ.