БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 8 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулж буй Олон улсын роботын тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо болон Шинэ эрин, Монгол тэмүүлэл сургуулийн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна. Өнөөдөр өглөө болсон тэмцээний нээлтийн арга хэмжээнд ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцон үг хэлж, цар тахлын улмаас 4 жил хойшлогдсон уг тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид болон бусад орны тамирчдад амжилт хүсэв.
Энэ удаагийн тэмцээнд нийт 24 улсын 500 багийн 3000 гаруй тамирчин 1600 гаруй роботоор өрсөлдөх бөгөөд манай улс өсвөрийн төрөлд анх удаа оролцож байгаагаар онцлог болж байгаа аж. Монгол Улсын баг тамирчдын хувьд 2018 оноос хойш 3 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн юм.
Олон улсын роботын тэмцээнийг Австри улс анх 2004 онд санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2017 оноос эхлэн Хятад улсад зохион байгуулагддаг болжээ. Зохион байгуулагдсан цагаас нь хойш нийт 75 улсын тамирчин оролцоод байгаа уг тэмцээн нь дэлхийн хамгийн том хиймэл оюун ухаант роботын тэмцээнүүдийн нэг болон хөгжсөн байна.