Англи хэлтэй холбоотой заалт хаврын чуулганы хаалт хэсгийн хамгийн чухал асуудал болж хувирлаа. Уг нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн дагуу үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдгээрээ явчих зүйл дээр цэвэр усны зарим гишүүд Орос ах нараа гомдоож болохгүй гэж чичирснээр хэрүүл хэлсэн. Маргаан нь сүүлдээ орос, англиараа талцал маягтай болж эцэс сүүлд нь УИХ-ын даргын зүгээс хуулийн томьёоллоор нь шийдэх арга сүвэгчилж англи хэлийг хуульдаа анх удаа үг, үсгээр нь заахаар болсон. Тодруулбал, сургалтын хэл нь монгол хэл, үндсэн гадаад хэл нь англи хэл байна. Ингэхдээ гадаад хэлийг сонгож суралцах боломжтой хэлбэрээр томьёолсон юм.
Ингээд өнөөдрийн чуулганаас Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дээр дээрх агуулгаар дахин томьёолж оруулж ирэхээр гишүүд шийдвэрлэсэн юм. Гэвч байнгын хорооны хурал өглөөнөөс хойш өдий хүртэл хуралдаж чадахгүй байгаа талаар зарим эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, англи хэлийг хуульд бичихгүй эсэргүүцэж байсан гишүүд томьёолол дээр нь дахин "ажиллаж" эхэлсэн гэнэ. Тодруулбал, үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдгээс үндсэн гэдэг үгийг нь хасах. Эсвэл тэргүүлэх гэдэг үг нэмж томьёолохоор зүтгэж эхэлсэн аж.
Өөрөөр хэлбэл, хөтөлбөрөөр англи хэл үзэх асуудлыг шийдүүлнэ гэж дайрч байсан гишүүд нийгмийн шахалт болон гишүүдийн шахалт орохоороо барьцаа өөрчилж үндсэн гэж тодорхой хуульд зааж өгөхийг нь замруулахаар ажиллаж эхэлсэн бололтой.
Үүнтэй холбоотой маргаан үүссэн учраас байнгын хорооны хурал хуралдахгүй хүлээгдсэн хэвээрээ байгаа аж.