УИХ-ын 2023.06.28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6 дахь хэсэгт заасан Англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгах заалтыг хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Англи хэлийг үндсэн гадаад хэл байх бодлогыг анхнаасаа яагаад тууштай дэмжиж байна вэ гэхээр нэгдүгээрт бид цөөхүүлээ. Ж.Чинбүрэн гишүүний хэлээд байгаагийн эсрэг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа чинь явсаар Англи хэлтэй бүрэн холбоотой болсон байна. Тиймээс Ардчилсан нам дэмжиж байгаа юм.
Хоёрдугаарт, боловсролын ялгаагаар дамжиж амьдралын ялгаа үүсэх нөхцөл байдал яг эндээс үүсэх гээд байна. Нийгмийн ялгарал, кастын систем рүү Монгол Улсыг маш хүчтэйгээр түлхэн оруулах бодлого болоод үр дагавар гарах гэж байна. Хэдийгээр багш, боловсон хүчний бэлтгэл ажлын хувьд олон зүйл дутуу байгаа байх. Гэхдээ магадгүй Улсын тэргүүлэх бодлого, хөгжил дэвшлийн үндэс чинь үүний цаана байна гэж бид үзэж байна.
Тиймээс эрх баригч намын гишүүд Англи хэлийг үндсэн гадаад хэл байх заалтыг дэмжиж өгөөч. Нөгөө талаараа намын бодлогын хувьд дэмжигдэхгүй бол 2024 онд УИХ-ын сонгуульд магадгүй энэ Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн үндсэн амлалт бүхий заалтуудын нэг нь Англи хэл, үндсэн гадаад хэл байна. Англи хэлийг бага ангиас нь орно. Төсөв санхүү бүх зүйлийг ийшээ чиглүүлэх болно.