Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.28/ хуралдаанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Хууль санаачлагч дээрх хуулийн төслүүдэд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.
Тодруулбал, Баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг нь жил бүрийн долоодугаар сарын 10, 11, ,12, 13, 14, 15-нд тэмдэглэнэ гэж заасан бөгөөд энэ өдрүүдэд бүх нийтээрээ амардаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, ,12, 13, 14, 15-нд тэмдэгдлэж бүх нийтээрээ амарна гэж долоодугаар 10-ныг орхигдуулан заажээ. Энэхүү хуулийн зөрчил нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад хүндрэл учруулж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж долоодугаар 10-ныг бүх нийтийн амралтын өдөр хэмээн хуульчлахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.