Гудамжинд явж байхад нь үл таних этгээд араас нь цохиж унагаан, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Орбитын тойргийн Тунгалаг центрийн гадна 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж Samsung S-9 загварын гар утас, биет 230 мянган төгрөгийг нь дээрэмдсэн дуудлага, мэдээллийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоосон байна. Эл этгээдийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ.