УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Хүн нэг ажил, албан тушаалд удахаар тодорхой зүйлийг санаачилдаггүй. Тэр ажилдаа дасаад явчихдаг. Тиймээс олон улсад сэлгэж ажиллуулдаг. Хэрвээ сэлгэх боломжгүй бол хувийн хэрэгт нь тэмдэглэдэг. Мөн бусад улс оронд төрийн албан хаагч бэлэг сэлт авбал түүнийгээ заавал тайлагнадаг. Орлого бусад хөрөнгөө тайлагнадаг. Тайлагнасныхаа дараа зарлагын тайланг ч гаргадаг. Тиймээс энэ практикуудаас жишээ авсан.
Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль нь 7 бүлэгтэй. Гол нь төрийн албан хаагч ёсзүйн зөрчил гаргаад хариуцлага хүлээсэн бол олон нийтэд тайлагнадаг байх ёстой гэж хуулинд заасан. Төрийн албан хаагчийн ёсзүйн зарчим бол хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, манлайлалтай байх ёстой. Яамдын сайд нар манлайлагч, газар хэлтсийн дарга нар мэргэшсэн байх ёстой. Ингэж байж ард түмэн үр шимийг нь хүртэнэ.
Зөрчил гаргасан албан хаагчид 4 төрлөөр ёсзүйн хариуцлага тооцно. Ямар арга хэмжээ авснаа олон нийтэд мэдээлж, байгууллагынхаа вэб сайтад мэдээлэх ёстой" гэлээ.