Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэснийг чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр Б.Баттөмөр байнгын хорооны даргад улиран томилогдохоор болов.
Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр нь 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гэв.