Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нөхдүүд нэгдэн, бусдыг зэвсгийн чанартай зүйлээр айлган сүрдүүлж, мөнгө авах, эд хөрөнгийг нь дээрэмдэх хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж буй. Тэгвэл урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 2 орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахыг завджээ.
Тиймээс тус иргэдэд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Ука хочит Л.Алтанхуягийн гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан гэж эх сурвалж мэдээллээ.
Ука хочит Л.Алтанхуяг гэж хэн бэ
Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байжээ.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 12-14-ны өдрүүдэд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 17 иргэнтэй хамтарч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын Илч” ХХК-ийн өмнөх захирал Э болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ийн ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал Э-д олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Түүнчлэн “Андын илч” ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ийн ажилчид, жолооч нар руу 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөн шалгаж байна.