УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэх асуудлыг жагсаалтыг гуравт бичигдээд байна. Өчигдөр Халдашгүй байдлын байнгын хороо түдгэлзүүлэх нь зүйтэй гэдэг санал дүгнэлт гаргасныг МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байнгуулалтын байнгын хороо хуралдаж олонхын саналаар түдгэлзүүлэх зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар байнгын хорооны хуралдаанд гурван гишүүн тус бүр дээр нь санал хураахад Т.Аюурсайханаас бусад гишүүд дээр нь саналын зөрүү маш бага зөрүүтэйгээр түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Мөн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд оролцож бүлгийн шийдвэрээ дагасан бол зарим нэр бүхий МАН-ын гишүүд хуралд оролцоогүй байна. Байнгын хорооны хуралдаан оролцохгүй байна гэдэг нь цаагуураа түдгэлзүүлэхгүй байх талд нь гараа өргөж буй үйлдэл гэж хэлэх болно. Учир нь ирц бага байх тусмаа хамгаалах кноп дарагчид ялах магадлал нь өснө. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдааны ирц маш чухал юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанд бүх гишүүдийг оролцуул гэдэг үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгч, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ гишүүдийг оролцуулах үүрэг хүлээсэн байна. Мөн яг одоо дотоодод байгаа бүх гишүүдийг ямар нэгэн тайлбаргүйгээр чуулганы хуралдаандаа оролцохыг бүлгээс шахаж, шаардаж буй гэнэ.
МАН-ын бүлэг хэдийгээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн ч байнгын хорооны хуралдааны санал хураалт тун ойрхон бөгөөд хувь гишүүд нь намын бодлогын шууд зөрж байгаа нь асуудал үүсгэж мэдэхээр байна. Гишүүдийг хамгаалахын тулд бүлгийнхээ улс төрийн шийдвэрийн эсрэг санал өгөх, эсвэл чуулганы хуралдаанаас “зугтах” эрсдэл өндөр байгаа ажээ.
Нөхцөл байдал ийнхүү амаргүй байгаа тул Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлнэ гэдэг мэдээлэл байна.
Бүрэн эрхээ яриулж буй 3 гишүүнээс гадна ирээдүйд яриулж буй 4, өнгөрсөн хугацаанд яриулсан 4, АН-ын бүлгийн 11 гишүүд сонирхолтой санал өгч магадгүй байгаа юм. Аль болох олон гишүүн чуулганы хуралдаанаас "зугтана" тэр хэрээр эдгээр 20 гаруй гишүүний санал "чулуу" болох магадлалтай.
Г.Лхагвадорж