Удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд иргэдийг айлган сүрдүүлж, улмаар эд зүйлийг нь дээрэмддэг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлж саатуулсан. Тодруулбал, М-ийн бүлгийн Г, О, З нар нь гуравдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн "Lexus LX-570" маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлаж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тэгвэл уг хэрэгт мөн иргэн А-г цагдаагийн байгууллагаас баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Учир нь тус бүлгийн гишүүд нь Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлолтын “Андын Илч” ХХК-ийн монгол талын захирлуудыг БНХАУ-ын иргэдийн захиалгаар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж заналхийлдэг байжээ. Мөн тэд Монгол Улсын иргэн Б-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа хууль бусаар шилжүүлсэн, бусдын LX-570 маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн үйлдэл гаргасан байна.
А нь урьд өмнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг булаан галт зэвсэг ашиглан булаан авсан зэрэг хэргүүдээр урьд ял шийтгэгдэж байжээ. Түүнчлэн тус этгээдүүд нь урьд өмнө дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, бусдыг айлган сүрдүүлэн, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байжээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.