Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Тодруулбал, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр нэгэн ноцтой мэдээлэл өглөө. Тэрбээр "MCS компани "АСЕМ ВИЛЛА" барихаар Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаас 92 тэрбумаар нь охин компанийнхаа арилжааны банкны зээлээ хаах болон "Энержи Ресурс" компанийнхаа гадаад бондын өрийг төлсөн байна" гэлээ.