Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Иений үнэ өссөнөөр автомашины үнэ НЭМЭГДЖЭЭ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 1 секунд

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед айл бүр бэлэг сэлт, идээ ундаагаа бэлтгэн завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тэр дундаа зах худалдааны төвүүд ид бужигнаж, хүмүүсийн хөлд дарагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна сар шинийн баярыг угтан автомашины эрэлт нэмэгдэж, худалдан авалт их байдаг талаар ченжүүд хэлдэг ч автомашины захад хөл хөдөлгөөн бага нам гүм байв.

Ubn.mn сайтын сурвалжлах баг иргэдийн өргөнөөр ирж үйлчлүүлдэг “Да хүрээ” худалдааны төвийг зорьж, автомашины худалдан авалт ямар байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Өдрийн 11:00 цаг.

Зах руу ормогц автомашины яндангийн утаа хамар цоргионо. Гаднаас орж буй машинуудад зогсох зогсоол олдохгүй тул захыг хоёр, гурав тойрох нь энүүхэнд. Гэхдээ цаг эрт байсан болоод ч тэрүү худалдан авалт хийх хүн битгий хэл худалдаачид ч цөөхөн байлаа. Байгаа хэдэн ченжүүд нь хүн ирэхийг хүлээн хөлөө хавсран зогсохын зэрэгцээ зарагдахгүй хэдэн машинаа зүлгэн, зүлгэн зогсоцгооно.

Цар тахлын өмнөх жилүүдэд сар шинийн баяр дөхөхөд “Да хүрээ” зах дээрх автомашинуудын 60-70 хувь нь зарагддаг байв. Гэтэл энэ жил худалдан авалт эрс багасжээ. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд хамааралтай хэдий ч түүнээс илүүтэй Японд иений ханш өссөнтэй холбоотой гэж ченжүүд тайлбарлаж байв. Энэ талаар бид автомашины худалдаа эрхлэгч Б.Төгөлдөрөөс тодруулахад,

Автомашин худалдан авахаар ирсэн хүмүүс бэлэн мөнгөөр гэхээсээ илүүтэй ББСБ-ын лизингээр машин авч байна

“Иргэдийн худалдан авах чадвар тийм ч сайн биш гэж харж байна. Худалдан авагчид ихэвчлэн Aqua, Prius зэрэг жижиг тэргийг сонгож байгаа ч бэлнээр худалдан авах хүн тун цөөн. Ихэнх нь урьдчилгаа 6-7 сая төгрөгтэй ирж, банк бусаар зохицуулж өгөхийг хүсдэг.

Оны өмнө автомашины үнэ 1-2 сая төгрөгөөр буурсан байсан. Гэвч он гарснаас хойш иений үнэ өссөн учраас автомашины үнэ ч дагаад өсөх шалтгаан болсон. Гэтэл хүмүүс учрыг нь ойлголгүйгээр ченж нар баяр дөхөхөөр үнэ нэмж зардаг гэдэг. Тийм зүйл байхгүй. Гаалиар машин оруулж ирэхийн тулд өндөр татвар төлдөг. Иен нэмэгдсэнээр татварын үнэ 2 саяд хүрсэн. Тиймдээ ч бид онцгой албан татвар гэж өндөр үнэ төлчихөөд, хямд зарна гэдэг хэцүү. Мөн иргэд яг ижилхэн машинуудыг яагаад өөр үнэтэй байгааг их гайхдаг. Тэгвэл энэ нь автомашины орж ирсэн оноос шалтгаалаад үнийн хувьд өөр зарагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.

Харин автомашины худалдаа эрхлэгч Г. Баатар дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

Автомашины үнэ нэмэгдэхэд цагаан сар биш иений ханш нөлөөлсөн

“Автомашины үнэ нэмэгдэхэд баяр ямар ч хамаагүй. Мөнгөний өсөлт дээр татвар болон түрээс нэмэгдээд, нэг машин дээр гэхэд 1-1.5 сая төгрөг нэмж худалдаалдаг. Мөн гааль дээрээс машинаа авч чадахгүй байгаа ченжүүд ч гэсэн зөндөө бий. Бусдаар бол ченжүүд дур мэдэн тоо зохиож, үнэ нэмдэггүй.

Тэр ч бүү хэл зарагдаагүй удсан машинаа орж ирсэн үнээс нь буулгаж өгөх тохиолдол ч гардаг. Аль болох л эргэлтэд оруулж, хурдан борлуулахын тулд ашгаа мартдаг гэж хэлж болно. Оны өмнөх үеэ бодвол худалдан авагч нэмэгдсэн ч ард түмэн мөнгө муутай байна. Орон нутгаас зорьж ирсэн худалдан авагч нар л бэлэн мөнгөөр худалдаж авдаг. Бусад нь бүгд л банк бусаар дамжиж байна” хэмээв.

Автомашины үнэ 1-2 сая төгрөгөөр нэмэгджээ

Ubn.mn сайтын сурвалжлах баг оны өмнө буюу 2022 оны арваннэгдүгээр сард "Да хүрээ" захыг зорьж автомашины үнэ болон худалдан авалтын талаар сурвалжилга бэлтгэхэд 1-2 сая төгрөгийн хооронд үнэ буурсан байсан ч өнөөдөр автомашины үнэ энэ хэмжээгээр эргэн нэмэгджээ. Уг сурвалжилгыг энд дарж унших боломжтой.

Түүнээс гадна автомашин худалдан авах хүсэлтэй иргэд орлогоо нотлон 20-30 хувийг нь бэлнээр төлж, зээлээр авах боломжтой талаар худалдаачид хэлж байсан юм. Ингэхдээ муу зээлийн түүхгүй байх болон нийгмийн даатгал зургаан сараас дээш сараар төлсөн байх ёстой аж.

Цар тахлын үеэс хойш автомашины худалдан авалт эрс багассан аж. Учир нь ковидын нөлөөнөөс үүдээд иргэдийн санхүүгийн нөөц боломж тийм ч сайн биш байгаа юм.

Бид тус захад худалдан авалт хийхээр явж буй иргэнтэй уулзаж хэсэг хором ярилцахад,

Мөнгөндөө тохирсон автомашин олж чадахгүй байна

“Автомашины үнэ нилээд өссөн байна. “Да хүрээ” захын тал хэсгээр машин хайж явлаа. Гэвч мөнгөндөө таарсан машин олж чадаагүй л байна. Унаж буй машинаа оролцуулах гэсэн боловч маш бага мөнгөн дүнгээр үнэлж байна. Бүр бэлэн мөнгөнд авах боломжгүй гэдгийг ченж нар хэлсэн. Сар шинийн баяр өнгөрсний дараа автомашины үнэ буурч магадгүй ч ноолуурын үеэр буцаад нэмэгдэх байх гэж бодож байна” гэлээ.

Дээрх сурвалжилгаас харахад ард иргэдийн санхүүгийн байдал ямар хэмжээнд байгааг харж болох юм. Цар тахлаас шалтгаалан аль ч улсын эдийн засаг хүнд байдалд орсон нь өнөөдрийг хүртэл иргэдийн худалдан авалтад шууд нөлөөлж байна. Түүнээс гадна гаалийн татвар нэмэгдсэн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаа ба энэ ч мөн автомашины үнийн өсөлтөд ч нөлөөлжээ.

Д.Дөлгөөн

ШУУД: “Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө
ШУУД: “Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.