Монголчууд эртнээс л "Хөл дүүжлэх унаатай" хэмээн ярьдаг байв. Үнэхээр л хөл дүүжлэх унаагүй бол ойр зуурын ажил амжуулахад бэрх. Ялангуяа нийслэл хотод автомашингүй хүн хөлгүйтэй адил. Яахав түгжрэл дээд цэгтээ тулсан үед явган явах нь хавь илүү ч автомашингүй бол тун хэцүү.
Гэвч сүүлийн үед автомашины үнэ хил гаалийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалаад тэнгэрт хадаж бүр худалдан авах санхүүгийн боломжтой хүн ч цөөрсөн байв. Гэхдээ хүйтний улирал эхлэх төдийд автомашины үнэ буурдаг нь аль эртнээс тогтсон хэвшил тул зун тэнгэрт хадаж байсан автомашины үнэ өнөөдөр 1-2 сая төгрөгөөр буурсан тухай "Да хүрээ" захын ченжүүд хэлж байлаа.
Баянзүрх дүүрэг, "Да хүрээ" зах
Ubn.mn сайтын сурвалжлах баг иргэдийн олноор ирж үйлчлүүлдэг тус захыг зорьж, автомашины үнэ буурсан эсэх болон худалдан авалт хэр байгаа талаар сурвалжиллаа. Цас дээрээс бударч, эгнүүлэн тавьсан шинэхэн машинуудыг нэг мэдэхэд битүү нөмрөв.
Хэдэн ченжүүд бөөгнөрч зогсон худалдан авалт муу байгааг бас ганц машин ч болтугай зарах юмсан хэмээн хөөрөлдөж байв. Арга ч үгүй биз. Машин авахаар явж байгаа хүн цөөн тул хажуугаар зөрсөн хүн бүрт ямар машин сонирхож байна, хэдэн төгрөг буулгаад өгнө шүү, мөнгөний хэрэг гараад хэмээх үгийг шивнэх ченжүүд ч цөөнгүй байлаа.
Автомашины үнэ 1-2 сая төгрөгөөр л буурсан
"Машины үнэ тийм ч сайн буугаагүй ээ. 1-2 сая төгрөгөөр л буурсан байна. Хэдий зуныг бодвол үнэ буурсан ч худалдан авалт муу байна. Иргэд ихэвчлэн приус маркийн автомашиныг их худалдаж авдаг. Тухайлбал, тоёота приус-20 маркийн автомашин ихдээ л 2 сая төгрөгөөр буурсан.
Түүнээс гадна худалдан авалт хийж буй иргэд нэг зүйл дээр ихээхэн алддаг юм шиг санагдаад байдаг юм. Тэр юу вэ гэвэл, орж ирсэн автомашин яг ижил онтой, ижил загварых байсан ч үнэ нь хоёр өөр байдаг. Гэтэл иргэд худалдан авалт хийхдээ арай илүү хямдыг нь сонгодог. Яг ижил загварын автомашин хоёр өөр үнэтэй байна гэдэг нь ямар нэгэн байдлаар нэг нь бага зэргийн асуудалтай гэсэн үг шүү дээ. Үүнийг нь хэлэхээр ченжүүд худлаа үнэ зохиолоо хэмээн бидэнд буруу өгдөг. Магадгүй арай илүү хямдыг нь сонгоод явлаа гэхэд эдэлгээ нь нөгөөхөө бодвол муу байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс иргэдийг худалдан авалт хийхдээ их анхаарч, сайн үзэж байх хэрэгтэйг сануулах нь зүйтэй" хэмээн "Да хүрээ" захын автомашины худалдаачин хэллээ.
Автомашины үнэ
Иргэдийн худалдан авалт хамгийн их хийдэг автомашин бол яах аргагүй "Toyota Prius" загварын автомашин юм. Тэгвэл уг загварын автомашинууд "Да хүрээ" зах дээр дунджаар хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа вэ?
Хэдий машины үнэ 1-2 сая төгрөгийн хооронд хямдарсан ч энэ нь тийм ч их хямдарсан зүйл биш аж. Тэр ч утгаараа худалдан авалт бага байгаа гэнэ. Түүнээс гадна автомашин худалдан авах хүсэлтэй иргэд орлогоо нотлон 20-30 хувийг нь бэлнээр төлж, зээлээр авах боломжтой талаар худалдаачид хэлж байлаа. Ингэхдээ муу зээлийн түүхгүй байх болон нийгмийн даатгал зургаан сараас дээш сараар төлсөн байх ёстой талаар ч мөн дурдсан юм.
Харин өөр нэгэн худалдаачин одоохондоо автомашины үнэ тогтвортой байгаа ч удахгүй инфляц, валютын ханшийн өсөлтөөс үүдэн нэмэгдэх хандлагатай байгаа талаар хэлсэн юм. Тэрбээр,
Валютын ханшийн өсөлт болон бусад шалтгаанаас үүдээд автомашины үнэ эргэн нэмэгдэхийг үгүйсгэхгүй
Хэдий автомашины үнэ ойролцоогоор 1-2 сая төгрөгийн хооронд буурсан ч худалдан авалт маш муу байна. Өмнө нь хил гааль, татварын асуудал, валютын өсөлт зэргээс шалтгаалан үнэ өссөн. Гэхдээ өвлийн улиралд автомашины үнэ буурдаг. Одоо бол яг улирал нь. Гэтэл худалдан авалт маш муу байна.
Мөн хавар автомашины үнэ яагаад нэмэгддэг вэ гэвэл ихэнх хүмүүс аялал зугаалгаар явахдаа, орон нутагруугаа явахдаа аль болох том, үнэтэй унаа унаж явахын тулд илүү их эрэлттэй болж, үнэ нь ч гэсэн дагаад өсдөг. Ялангуяа зуны улиралд бол дэлхий даяар автомашины үнэ өсдөг.
Түүнээс гадна машины үнэ одоо тогтвортой байгаа ч валютын өсөлт, инфляц зэргээс үүдээд үнэ буцаад өсөхийг үгүйсгэхгүй" гэв.
Цар тахлаас шалтгаалан аль ч улсын эдийн засаг хүнд байдалд орсон. Тэр шуурга манай улсыг тэр дундаа бизнес эрхлэгчид, худалдаа үйлдвэрлэгчдийг ч тойролгүй гарсан. Түүнээс гадна импортын бараа бүтээгдэхүүн орж ирэхэд ч чамгүй хүндрэл тохиолдсон нь автомашины үнийн өсөлтөд ч нөлөөлсөн нь энэ. Хэдий автомашин бүрийн үнэ тогтворотой буураагүй ч ойролцоогоор 1-2 сая төгрөгөөр буурсан аж. Гэвч иргэдийн худалдан авалт муу байгаагийн дээр автомашин сонирхох иргэд ч цөөрсөн байна. Мөн автомашин худалдан авах хүсэлтэй иргэд машины үнээс илүүтэй чанарт нь анхаарах хэрэгтэйг сануулж байна.
НЭМЭЛТ:
Магадгүй шинэхэн автомашин худалдан авахаар зэхэж байгаа бол Autobox.mn сайтад нэвтрэн арлын дугаар болон гаалийн дугаарыг оруулан эвдрэл, гэмтэл болон ODO метрийн заалт зэргийг мэдэх боломжтой юм. Авто үйлчилгээний нэгдсэн сан болох Autobox.mn сайтаас импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл болон бусад мэдээллийг авах боломжтой талаар бид өмнө мэдээлж байсан билээ.
Харин улсын дугаараар автомашиныхаа татвар, торгууль, техникийн мэдээлэл болон өмнө эзэмшиж байсан эзэмшигчийн мэдээлэл зэргийг авах боломжтой.