Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нэмэлт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Зөвшөөрлөгүй барилгын ажлыг үргэлжлүүлж аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүйн улмаас эмгэнэлтэй хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлье. Хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно” гэв.