Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд болж байна. Сонсголоор, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бэрэн Групп" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотойгоор "Бэрэн констракешн" ХК-ийн данснаас иргэн Г.Мөнхбилэгийн дансанд 3.1 сая ам.долларыг "Зээл, зээлийн хүү" утгатайгаар шилжүүлсэн байна. Энэ таны Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтад нийцэж байгаа үйлдэл мөн үү" хэмээн тодрууллаа.
Эл асуултад "Бэрэн групп" ХХК Гүйцэтгэх захирал М.Цэлмэг "Бид зарцуулалтын асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа тул нэг бүрчлэн хариулт өгөх боломжгүй. "Бэрэн групп" ХХК авсан зээлийнхээ хэмжээгээр барилга, гангийн үйлдвэрт зарцуулсан" хэмээн хариуллаа.