Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Уг эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж буйгаар онцлогтой юм.
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болон салбар хуралдаанууд “Улс төр, засаглалын тулгамдсан асуудал”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачдын төлөөлөл болох 120 гаруй хүн оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.