Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28181, мөрдөн байцаалтын 2256 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Тухайлбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлуудаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.